Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Германы олимпын хошой аварга Пакистаны ууланд авирч байгаад осолджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Германы олимпын хошой аварга, биатлоны тамирчин Лаура Далмайер ууланд авирч байгаад 31 насандаа ослоор нас барсныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Олимп, дэлхийн олон алтан медаль зүүснийхээ дараа 2019 онд 25 насандаа зодог тайлсан тэрбээр Даваа гарагийн үд дунд Пакистаны Каракорамын нурууны Лайла оргилд авирч байгаад нурсан хад чулуунд цохиулсныг багийнхан нь мэдээлсэн байна.

“Бид болон Германы бүх спортынхон Лаура Далмайерын араас эмгэнэн гашуудаж байна. Энэ гайхалтай хүн гэнэт, хэтэрхий эрт явсан нь биднийг цочроолоо. Гэр бүл, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлж, бүх талаар тусалж дэмжихэд бэлэн байна. Лаура бол спортынхон төдийгүй өөр олон хүнд үлгэр дуурайл болсон хүн. Тэр үргэлж өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцдэг байсан” гэж Германы Олимпын Спортын Холбооны ерөнхийлөгч Томас Вайкерт мэдэгджээ.

Даваа гарагт Далмайертай хамт авирч байсан Марина Эва дохио ирүүлсний дараа аврах ажиллагаа эхэлсэн байна.

Гэвч цаг агаарын таагүй байдалтай холбоотой үзэгдэх орчны хязгаарлалт аврах ажиллагаанд цэргийн нисдэг тэрэг ашиглах боломж олгохгүй байгааг Пакистаны орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Осолдсон тохиолдолд аврах буюу цогцсыг нь авах гэж бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Далмайер ууланд авирахаасаа өмнө захиж байсныг түүний менежэр гэрчилсэн байна.

Далмайер 2018 оны Өвлийн Олимпын наадмаар биатлоны “sprint” болон “pursuit” төрлүүдэд нэгэн зэрэг алтан медаль зүүсэн анхны эмэгтэй тамирчин болон түүхэнд бичигдэж байв.

Жилийн дараа тэр нэг дэлхийн аваргын тэмцээнээс таван алтан медаль зүүсэн анхны биатлончин болж байжээ.

 

Эх сурвалж: CNN