Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын экс ерөнхий сайд, Америкийн поп од хоёр хамт зоог барьж байгаад хэвлэлийн дуранд өртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдо, Америкийн поп од Кэти Перри нар өнгөрсөн Даваа гарагийн орой Монреал хотын нэг ресторанд хамт хооллож байгаад хэвлэлийн дуранд өртжээ.

Дээд ангиллын “Le Violon” рестораны олон нийттэй харилцах албаны ажилтан тэднийг оройн зоогт хоёр цаг орчим хугацаа зарцуулсныг баталсан байна.

Алдартнуудын тухай мэдээгээр дагнадаг TMZ сайт тэдний гэрэл зургуудыг нийтэлжээ.

Гэхдээ рестораны төлөөлөгч Трюдо, Перри нарын хооронд ямар нэг дотно харилцаа анзаарагдаагүйг баталсан байна.

Кэти Перри саяхан олон жил хамт амьдарсан Холливүүдийн жүжигчин Орландо Блүмээс салаад байгаа.

Одоо тэр Канадын хотуудаар аялан тоглолтоо үзүүлж яваа юм.

Трюдогийн хувьд 2023 онд гэргий Софи Грегуараас салж байв.

Тэрбээр бараг арван жил Канадын ерөнхий сайдаар ажилласны дараа энэ оны эхээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан юм.

Түүний талийгаач эцэг Пьер Трюдо бас Канадын ерөнхий сайд байсан хүн. Пьер анх ерөнхий сайд болохдоо ганц бие байсан гэдэг.

Сүүлд тэр Барбра Стрейзанд, Ким Катрал зэрэг урлаг соёлын алдартан бүсгүйчүүдтэй дотносож, ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 51 насандаа 22 настай эмэгтэйтэй гэрлэж байжээ.

Калифорнид төрж, өссөн Перри нь Грэммийн шагналд 13 удаа нэр дэвшиж байсан уран бүтээлч юм. Тэрбээр 2000-аад оны эхэн үед дэлхийн поп хөгжмийн ертөнцөд алдаршиж, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгуудын нэгийг гаргаж байв.

Перри нийтдээ долоон цомог гаргаснаас 2010 оны “Teenage Dream” цомгийн таван дуу нь шилдгийн жагсаалтыг тэргүүлж, 1987 онд Майкл Жексоны гаргасан “Bad” цомгийн амжилтыг давтаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press