Уншиж байна ...
Зураг
Зураг

“Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК 2024 оны шилдэг аудитын компанийн нэгээр шалгарлаа

ikon.mn
3 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Нексиа Глобал Монголиа Аудит” компанийн гүйцэтгэх захирал, АССА, CPA, CPTA Э.Булгантай ярилцлаа.

- 2024 оны шилдэг санхүүч шалгаруулах ёслолын арга хэмжээ саяхан болж өнгөрлөө. Танай компани “Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани”-аар шалгарсанд баяр хүргэе...  

- Баярлалаа. Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 113 жил, бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрөөр  нэр хүндтэй энэ шагналыг “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ээс гардаж авсандаа баяртай байна. Манай хамт олны гишүүн бүрийн идэвх, зүтгэл, оролцоог үнэлж буй сайхан үйл явдал боллоо.

- Танайх чинь “Нексиа Интернэшнл” хэмээх олон улсын аудитын компанийн гишүүн байгууллага гэсэн. Танайхаас өөр салбар Монголд байдаггүй биз дээ?

- Нексиа Интернэшнл нь Лондон хотноо төвтэй, дэлхийн 125 улсад 790 гаруй оффистойгоор үйл ажиллагаа явуулдаг, олон улсын хэмжээнд ТОП-8-д жагсдаг байгууллага. Энэ байгууллагын Монгол Улс дахь цорын ганц гишүүн байгууллага нь манай “Нексиа Глобал Монголиа Аудит” компани юм. Монгол Улсын аудитын салбарт эзлэх үйл ажиллагааны цар хүрээгээрээ манай компани  сүүлийн жилүүдэд тогтмол эхний 10 дотор жагсаж байна.

зураг
 

- Олон улсын эрх авах шалгуур өндөр байдаг уу?

- Олон улсын шалгуурыг хангана гэдэг амаргүй шүү. Тухайн олон улсын байгууллагын чанарын хяналтын шалгалтаар орж, олон шалгуурыг нэгэн зэрэг хангасан компанид эрх олгодог. Тухайлбал тухайн компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн боловсон хүчний туршлага, чадавхыг голчлон үзэхээс гадна  эрх горилж буй байгууллагын үүсгэн байгуулагчдын мэргэжлийн ёс зүйг ихээхэн анхаардаг юм билээ. Өөрөөр хэлбэл тухайн компанийн туршлага боловсон хүчин хэдий мундаг ч мэргэжлийн ёс зүйг баримталдаггүй бол эрх олгодоггүй.

- Олон улсын зэрэглэлтэй аудитын компани Монголд олон байдаг уу?

- Сүүлийн үеийн тоо, баримтаас харахад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аудитын 180 гаруй компаниудаас олон улсын зэрэглэлтэй нь 10 гаруй л байна.  

 -Таны нэрийн хуудас дээрээс нэг зүйл ажиглалаа. Нэрийн тань ард ACCA, CPA, CPTA гэж бичсэн байна. Энэ товчилсон үгс нь ямар учиртай юм бэ?

- Эдгээр товчилсон үгс нь манай салбарт ажиллаж буй нягтлан бодогч нарын мэргэшлийн цол гэсэн үг юм даа. Цэрэг, армийн хүмүүсийн мөрөн дээр олон таван хошуутай байдаг шиг (инээв). Жишээ нь АССА гэдэг нь 113 жилийн түүхтэй, дэлхийн хэмжээний том байгууллага болох Association of Chartered Certified Accountants буюу Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны шалгалтыг давж гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл юм. 14 төрлийн мэргэжлийн шалгалтыг давсны эцэст АССА цолтой болдог. АССА цолтой болсноор дэлхийн 179 улсад энэ мэргэжлээрээ ажиллах үүд хаалга нээгддэг давуу талтай.

Энэ ташрамд хэлэхэд  манай компани AССА-д хүлээн зөвшөөрөгдсөн “Алтан” статустай ажил олгогч болсон. Нийт ажилчдадаа ногдох олон улсын зэрэгтэй, олон улсын зэрэг хамгаалахаар горилж буй ажилчдын тоогоороо ижил төрлийн компаниудаа манайх тэргүүлэх байх аа.

- Монголд аудитын олон компани үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн аудит хийлгэхээр болбол тэр олон компаниас ямар үзүүлэлтийг нь харж сонгох ёстой вэ?

- Энгийн, ойлгомжтойгоор тайлбарлахыг оролдъё. Аудиторуудыг эмч гэж төсөөлбөл бид чинь санхүүгийн салбарын дүрс оношилгооны эмч гэж хэлж болох юм. Сайн дүрс оношилгооны эмч гэдэг бол мэргэжил, мэргэшилдээ сайн, туршлагатай, дээд зэргийн эмчийн ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. Мэдээж ийм мундаг дүрс оношилгооны эмчийн үйлчилгээний төлбөр нь өндөр байх нь дамжиггүй. 

Харин муухан дүрс оношилгооны эмчээс үйлчилгээ авбал өвчний онош болоод ирээдүйд учирч мэдэх эрсдэлээ зөв оношлуулж чадахгүй эсхүл зөрүүтэй онош тогтоолгож буруу эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд мөнгөөрөө хохирно шүү дээ. Үүнтэй адил чадавх муутай аудитын компанийн үйлчилгээг сонгосноор эсхүл үйлчилгээ үзүүлж буй аудитын компани нь ёс зүйгүй ажилласнаар цагаан захтны гэмт хэрэг, санхүүгийн залилан, луйвар, авлигал цэцэглэж их хэмжээний хохирол үүсдэгийг харуулсан бодит жишээнүүд олон байдаг шүү дээ.

зураг
 

- Таны ярианд мэргэжлийн ёс зүй гэдэг үг нэлээд  гарлаа. Аудиторуудын баримтлах ёс зүйн дүрэм гэж байдаг уу, байдаг бол юу багтдаг вэ?

- Аудиторууд бид чинь өөрийн гэсэн хуультай, хүлээсэн үүрэгтэй, үйл ажиллагаандаа баримтлах олон улсын стандарт, журамтайгаас гадна заавал баримтлах ёстой мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, кодтой. Энэ шинж чанараараа магадгүй зарим мэргэжлээс илүү нарийн байх аа. Тухайлбал  аудитын компани нь хараат бусаар аудитын үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэр дундаа аудит хийж буй байгууллагынхаа гүйцэтгэх удирдлагаас хараат бус байж заагдсан хууль журам, стандартын дагуу аудит хийж, бодит асуудлыг байгаа чигээр нь дүгнэх нь нэн чухал байдаг.

- Аудитын байгууллага мэргэжлийн бус, ёс зүйгүй байснаар ямар муу үр дагаврууд бий болдгийг таны ярианаас ойлголоо. Бодит жишээ ч нэлээд сонсож байсан юм байна....

- Бодит жишээ Монголд ч дэлхийд ч олон байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгэхээр олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан цөөн тооны бодит жишээг дурдъя.

2001 онд AНУ-ын хамгийн том эрчим хүчний компани болох Энрoн дампуурч хөрөнгө оруулагчдын 11 тэрбум ам.доллар салхинд хийссэн түүхтэй. Энрон нь аудитын компанитайгаа хуйвалдсан байсан нь тогтоогдсон бөгөөд дэлхийн таван  том аудитын компанийн нэг Артур Андерсон энэ хэргээс үүдэн дампуурч байсан.

Германы санхүүгийн технологийн Wirecard компани 2 тэрбум еврогийн хөрөнгийг хуурамчаар тайлагнасан хэрэг гарсан. Тус компанийн санхүүгийн аудитыг олон жилийн турш дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг хариуцаж байсан хэдий ч уг зөрчлийг илрүүлж чадаагүй юм. Үүний улмаас тус аудитын компани Германд нээлттэй компанийн аудит хийх эрхээ хоёр  жилээр  хасуулсан байна лээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон компани болох Evergrande нь 78 тэрбум ам.долларын орлогыг хуурамчаар өсгөн тайлагнаж, улмаар дампуурсан. Тус компанийн санхүүгийн тайланг хянаж байсан дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг мөн адил асуудлыг илрүүлж чадаагүй бөгөөд энэ хэрэг гарсны дараа Хятадад аудит хийх эрхээ зургаан сараар хасуулж, их хэмжээний торгууль төлөх шийтгэл хүлээсэн.

Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн салбарт нэр бүхий 68 настай тэрбумтан тус улсын түүхэнд хамгийн том санхүүгийн луйвар үйлдсэн нь саяхан илэрч шуугиан тарилаа. Тэрбээр өөрийн халхавч компаниудаар дамжуулан арван жилийн хугацаанд банкнаас нийт 44 тэрбум ам.доллар гаргуулсан байдаг. Уг хэрэгт холбогдсон банкны санхүүгийн аудитыг дэлхийн дөрвөн том аудитын компани ээлжлэн хийж байсан ч энэ асар том схемийг илрүүлж чадаагүй юм. Тус хэрэгт буруутгагдсан тэрбумтан цаазын ял сонсоод байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ам уралдан мэдээлж байгаа шүү дээ.

Эдгээр хэргүүд нь аудитын хяналтын системийн үр дүнтэй байдлыг сайжруулах, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэхээс гадна мэргэжлийн ёс зүй гэдэг ямар чухал болохыг  харуулж буй бодит жишээ юм. Энэ бол огт олон нийтэд нээлттэй мэдээллийн хэрэгслүүдэд гарчихсан мэдээллүүд.

- Олон улсын аудитын компанид харьяалагддаг Монголын зарим компани бий. Толгой компаниуд нь ёс зүйн алдаа гаргаж, энэ мэт луйвар, хуйвалдааны асуудалд орж байсныг олон улсын мэдээнээс уншсан юм байна. Манайхан тэр бүр  мэддэггүй учраас олон улсын нэр хүндтэй компани гэхээр л үйлчилгээ авах гэж зүтгээд байдаг тал бий….

 -Адил үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дурдахаар ёс зүйн хувьд таагүй байна.  Ерөнхийдөө таны асуусан асуултыг үгүйсгэхгүй. Толгой компани нь алдаа гаргаж, дуулиан тарьсан компаниуд бий. Мэдээлэл дутуугаас ч юм уу, олон улсын гэх тодотголоор нь үнэлэмж өгч, хамтран ажиллаж байгаа тохиолдлууд байдаг юм билээ.

- Монголд үйл ажиллагаа явуулдаг аудитын маш олон компани байдаг болохоор жижиг зах зээл дээр өрсөлдөхөд амаргүй л байх. Тухайлбал төрийн оролцоотой компаниуд аудит хийлгэхдээ тендер зарладаг юм билээ. Тендерт оролцох бололцоо хэр байдаг вэ. Анзаарах нь ээ, шалгуур үзүүлэлт гэх шаардлага нь хэрийн компани орох боломжгүй байдаг бололтой…

-Санал нийлж байна. Зориудаар эсэхийг нь мэдэхгүй, шалгуурт нь нийцэх компани олдохгүй байхаар зохион байгуулсан юм уу даа гэмээр сонин шаардлагууд тавьдаг тохиолдол байдаг. Магадгүй тухайн дэмжих гэсэн компанидаа л зориулж шалгуур үзүүлэлтүүд бэлдээ юу даа гэмээр. Тиймдээ ч олон компани оролцох хүсэлтэй байвч саналаа өгч, тендерт орж чадахгүй, хэт өндөр шаардлагаас нь халширдаг байх талтай. 

зураг
 

- Ингэхэд танай компани Монголын ямар аж ахуйн нэгжүүдэд аудитын үйлчилгээгээ үзүүлж байна вэ?

- Энэ далимд манай компанийг сонгон аудитын үйлчилгээ авдаг бүх харилцагч, үйлчлүүлэгчдэдээ талархал илэрхийлье. Он солигдох дөхөж буй энэ үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбараас олон компани, байгууллагуудад бид үйлчилгээгээ үзүүлсэн байна. Залуу боловсон хүчинтэй аудитын компанийн хувьд Монголд шинээр бий болж буй, хурдацтай хөгжиж байгаа, нарийн төвөгтэй санхүүгийн бүртгэлтэй салбарт аудит хийхийг зорьдог. Тухайлбал банк, даатгал, үнэт цаасны компаниудыг дурдаж болж байна. Даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнхэд нь манайх аудитын үйлчилгээгээ үзүүлэн хамтран ажиллаж СТОУС-17 хэмээх цоо шинэ стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

- УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцэж буй  үед тантай ярилцаж таарлаа. Тэгэхээр төсөвтэй холбоод нэг асуулт тавья.  Монгол Улсын эдийн засаг, төсвийн гүйцэтгэлийн ил тод байдал, хэтийн төлөвт аудитын байгууллагуудын үүрэг, оролцоо ямар байна гэж та харж байгаа вэ? 

- Тун чухал ач холбогдолтой гэдгийг онцолж хэлье. Аудитын байгууллага нь төсвийн зарцуулалт, мөнгөний урсгалыг хянах, дүгнэх замаар ил тод байдлыг хангадаг, санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой илэрхийлэгдсэн эсэхийг хянаж,  төрийн зардал, хөрөнгө оруулалтыг хариуцлагатай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг, төсвийн үйл ажиллагааг үнэлэх замаар зөвлөмж, дүгнэлт өгдөг мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад чухал шаардлагатай мэдээллийг олгодог онцлогтой.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байгаа тухай, хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй тухай мэдэгдсэн. Энэхүү 14 төслийг амжилттай  хэрэгжүүлж эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогын шийдвэр гаргахад, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аудитын үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

- Ингэхэд аудитын байгууллагад хэн аудит, шалгалт хийдэг юм бэ? Өөрөө өөрийгөө шалгаад байхгүй биз дээ...

- Аудитын компани нь санхүүгийн тайлангаа жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулж, аудитлуулдаг. Харин шалгалтын тухайд бол бид чинь аудитын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг тул түүнийгээ дагаад хөндлөнгийн хяналт, шалгалт ихтэй байдаг. Дотоодынх гэвэл хоёр жил тутамд Монгол Улсын Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулдаг төлөвлөгөөт шалгалтад хамрагдаж үнэлэлт, дүгнэлт авдаг. Харин манай толгой компани болох Нексиа Интернэшнлийн зүгээс гишүүн байгууллагуудаа жил бүр төлөвлөгөөт дотоод хяналт, шалгалтад хамруулдаг.

Жишээ нь өнгөрсөн удаад Лондонгоос томилогдсон аудитор манай компанийн оффис дээр биечлэн ажиллаж, чанарын дотоод хяналт хийгээд явсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага аудитын үйлчилгээгээ үзүүлэхдээ дагах ёстой хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж,  ёс зүйн хэм хэмжээгээ баримталж байгаа эсэхийг шалган баталгаажуулдаг  гэж ойлгож болно.

 

Ярилцсан: Д.Мөнгөндалай

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.