2027 оны есдүгээр сараас эхлэн АНУ-д зарагдах бүх шинэ автомашинууд арын эгнээний зорчигч суудлын бүсээ зүүгээгүйг анхааруулдаг болно.
Тус улсын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний Газар өчигдөр үүнтэй холбоотой дүрэм журмаа эцэслэн баталсныг зарлажээ.
Бас шинэ журмаар урд эгнээний зорчигч бүс зүүгээгүй үед өгдөг анхааруулгыг албан ёсны шаардлага болгосон байна. Хэдийгээр хуульчлаагүй ч өнөөдөр ихэнх үйлдвэрлэгчид ийм анхааруулгыг нэвтрүүлээд байгаа.
Үүнээс гадна жолоочийн суудлын бүсний анхааруулгын дуут болон дүрст дохионы үргэлжлэх хугацааг уртасгах заалт шинэ журамд тусгагдсан байна.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээр жил бүр 50 хүний амийг аварч, 500 хүнийг бэртэл гэмтлээс хамгаалах ач холбогдолтойг эрх баригчид мэдээлжээ.
Энэхүү өөрчлөлтөд сургуулийн автобус, тусгай зориулалтын автомашинаас бусад бүх 4,500 кг хүртэл жинтэй суудлын болон ачааны автомашин, автобуснууд хамрагдахаар болсон байна.
Урд эгнээний суудлын зорчигчидтой харьцуулахад арын эгнээний зорчигчид суудлын бүсийг зүүхдээ хойрго байдаг.
Тухайлбал 2022 онд АНУ-ын хэмжээнд урд эгнээний зорчигчдын бүс зүүлт 92 хувь байсан бол арын эгнээнийх 82 хувь байжээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл 2022 онд автомашины ослоор амиа алдсан бүх тохиолдлын тал нь суудлын бүс зүүгээгүйгээс болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!