Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж, заналхийлэх болсны улмаас Францын нэр хүндтэй кино театр “Парисын сүүлчийн танго” киног гаргах төлөвлөгөөгөө цуцалжээ.
“Cinémathèque Française” театрын захиргаа сүрдүүлэг хүлээж авсны дараа ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
“Бид кино театр болохоос хэрэм цайз биш. Бид ажилтнууд болон үзэгчдийнхээ аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болохгүй. Аюултай хүмүүс заналхийлж эхэлсэн. Тиймээс бид цуцлах хэрэгтэй болж байна” гэж тус театрын захирал Фредерик Бонно мэдэгджээ.
1972 онд бүтээгдсэн найруулагч Бернардо Бертолуччигийн энэ киног Ням гарагт үзүүлэх гэж байсан юм.
Энэхүү кинонд бэлэвсэн Америк эр (Марлон Брандо) болон залуу эмэгтэй (Мариа Шнайдер) нарын харилцааг үзүүлдэг.
Тэдний хооронд хүч хэрэглэсэн бэлгийн харилцаа дүрслэгддэг, үүнийг жүжигчин эмэгтэйн зөвшөөрөлгүйгээр бүтээсэн нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын эсэргүүцэх шалтгаан болсон байна.
Хэдийгээр дүрс эвлүүлсэн ч тухайн үед 19 настай байсан Шнайдер энэ үзэгдлийн зургийг авахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй тухай сүүлд хэвлэлд ярьж байжээ. Гэхдээ 1970-аад оны нийгэмд түүний гомдлыг сонсох хүн төдийлөн олон байгаагүй тул мартагдаад өнгөрсөн юм.
2011 онд нас барахаасаа дөрвөн жилийн өмнө Шнайдер “Надад тухайн үед Марлон, Бертолуччи хоёрт хоёуланд нь хүчиндүүлсэн мэт сэтгэгдэл төрж байсан” гэж ярьж байжээ.
Энэ кино амьдралыг нь сүйрүүлж, хар тамхинд донтоход нөлөөлснийг бас ярьж байв.
Үүний дараа найруулагч Бертолуччи зураг авах өдөр энэ үзэгдлийн зохиол бэлэн болоогүй байсан бөгөөд энэ талаар Шнайдерт мэдэгдээгүйгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Үүнийгээ тэр Шнайдерын хариу үйлдлийг бодитой харагдуулахын тулд гаргасан “уран сайхны шийдэл” байсан гэж тайлбарлаад “Надад буруутай мэт санагдаж байсан ч харамсаагүй” гэж хэлж байжээ.
Энэхүү түүх нь “Парисын сүүлчийн танго” киног тойрсон маргаан зөрчлийг өнөөдөр улам хурцалдаг.
Францын #MeToo хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг, жүжигчин Жюдит Годреш тус киног үзүүлэх зар гарсны дараа “Эрхэм Cinémathèque, нойрноосоо сэрж, 19 настай жүжигчин бүсгүйд хүн ёсоор хандаж, хүнлэг чанараа сэргээх цаг болжээ” хэмээн Инстаграм хуудсандаа бичиж байв.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!