Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлчүүдийн өмнө тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг хөндсөн. Энэ уулзалтад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар оролцоогүй юм.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Японы парламентын Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Акико Икүинатай уулзжээ.
Япондоо алдартай дуучин, жүжигчин, телевизийн таренто шоуны од явсан Акико Икүина 2016 оноос улс төрч болох гараагаа эхлүүлж, 2022 онд Либерал Ардчилсан намаас парламентын гишүүнээр томилогдсон аж.
20 минут үргэлжилсэн уулзалтын үеэр хадагтай Акико Икүина Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Япон Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрлэх болсны 100 жилийн ойн мэнд дэвшүүлэв.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нд Японы Ното хойг дээр газар хөдлөлтийн гамшиг болоход Улаанбаатар хотоос тусламж үзүүлж байсныг Арлын орныхон хэзээ ч мартахгүй гэдгийг онцолжээ.
Мөн хоёр орны хооронд "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн стратегийн тусгай түншлэл"-ийн хүрээнд олон ахиц гарсныг сайшааж, Япон улс цаашид ч энэ харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Хариуд нь хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд Япон Улс олон жил тусалж байгаад талархал илэрхийлээд Улаанбаатар хотын зүгээс хийж байгаа ажлыг танилцуулсан юм.
Эх сурвалж: mofa.go.jp
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!