АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өчигдөр Флорида муж дахь Мар-А-Лаго эдлэндээ хэвлэлийн хурал зохион байгуулж, олон улсын харилцааны зарим сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм.
Ингэхдээ тэр Ассадын дэглэм Сири улсад нуран унасан үйл явдлыг хөндсөн байна.
Хаяат Тахрир аль Шам исламын зэвсэгт бүлэглэлийн тэргүүлсэн босогчдын хүч Ассадыг маш богино хугацаанд түлхэн унагасан юм. Тэдний дунд бас Турк улсын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл багтаж байгаа.
Харин Трамп өчигдөр Сирийг “Турк улс эзлэн авсан” гэж ярьжээ.
“Миний бодлоор Туркүүд маш ухаалаг байна. Турк улс найрсаг бус аргаар төрийн эрхийг авахдаа маш бага хохирол амслаа. Би Ассадыг хүүхдийн алуурчин гэдгийг мэднэ” гэж Трамп ярьсан байна.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган олон жилийн өмнөөс Ассадын дэглэмийг шүүмжлэгч байсан бөгөөд Сирийн баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Сирийн Үндэсний Арми босогчдын бүлгийг дэмждэг.
Трамп өмнө нь Сирийн иргэний дайныг “манай оролцох юм биш” гэж хэлж байсан удаатай.
Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд тэр Сирийн сөрөг хүчнийг сургах үүрэгтэй АНУ-ын 900 орчим цэргийг буцаан татах талаар ярьж байсан ч Исламын Улс террорист байгууллага сэргэхээс болгоомжилсон холбоотнуудынхаа шахалтаар хэрэгжүүлж чадаагүй юм.
Трамп өчигдөр Сири улсын ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй, гэхдээ “Турк улсын гарт түлхүүр нь байгаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!