Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Өлзийбат: Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан хариулт өглөө. Энэ үеэр Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Д.Өлзийбатаас “Шахмал түлшний түүхий эдийг хаанаас авч байгаа вэ. Түлшний чийгшилтийн хэмжээ нэмэгдсэн үү. Утаа яагаад нэмэгдэх болов” гэдгийг сэтгүүлчид асуулаа.

Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат “Тавантолгой түлш компани 2019 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлдээ “Энержи ресурс”-ын Ухаа худаг дахь уурхайн баяжуулах үйлдвэрээс угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний завсрын нүүрс болох мидлингийг ашиглаж байгаа.

Энэ түүхий эд нь өнөөдрийг хүртэл солигдоогүй.

Сая УОК-т зургаан жилийн турш хэрэглэж байгаа мидлинг болон шахмал түлшний орцын лабораторийн шинжилгээний дүнг танилцуулсан. Зургаан жилийн турш манайд нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний шинж чанар тогтвортой байгаа.

Мидлинг шахмал түлшний 95 хувийг, барьцалдуулагч нь 5 хувийг эзэлдэг. Эдгээр түүхий эдийн орц найрлага өнөөдрийг хүртэл солигдоогүй" гэв. 

"2019-2020 оны үед утаа багассан. Энэ юутай холбоотой вэ" гэдэг сэтгүүлчдийн асуултад тэрбээр "2020‑2021 онд Тавантолгой түлшийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Энэ хугацаанд ашигласан солонгосын уурын хатаалгатай технологи нь манай цаг уурын нөхцөлд тохирохгүй байсан. Тиймээс бид технологио сольж сайжруулаад 2022 оноос манай бүх үйлдвэр хатаалгатай болсон. Өөрөөр хэлбэл, 2022 оноос хойш үйлдвэрлэсэн бүх түлш стандартын шаардлага хангаж байгаа.

Анх шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Тэр үед чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж байсан. Тухайн үед үйлдвэрлэж байсан шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувь байсан.

Үүнээс хойш 2022 онд стандартын зарим үзүүлэлтийн нэлээн чангатгасан. Тухайлбал, чийглэгийн агууламж 10 байсныг 6 хувь, үнслэгийг агууламжийг 29-өөс 27, илчлэгийн агууламжийг 4,200 киллкалориос багагүй гэдгийг 5,200-гаас багагүй болгож стандартын шаардлагуудаа сайжруулсан.

Түүхий нүүрсний дэгдэмхий тоосонцор буюу бидний нүдэнд харагдаж байгаа утаа 45 хувьтай байдаг байсан. Харин одоо хэрэглэж байгаа шахмал түлшний эрчим хүчний нүүрснийх 22 хувиас бага. Тэгэхээр нүдэнд харагдаж байгаа утаа 50 хувиар буурсан нь эндээс харагдана" гэлээ.