Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүстэй өчигдөр уулзаж, агаарын бохирдлыг эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийд сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оролцоогүй. Төрийн тэргүүн Ерөнхий сайдын талаар "хүндэтгэн үзэх шалтгаантай" хэмээн тодотгож байсан.
Тэгвэл өнөөдөр зарим мэдээллийн сайтаар Ерөнхий сайдыг хамартаа мэс засал хийлгэхээр БНСУ руу явсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд энэ сарын 1-9-ний өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэрээ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийсэн юм. Гадаад айлчлалаас ирээд олны өмнө ил гараагүйн дээр өчигдрийн уулзалтад оролцоогүйгээс болж Ерөнхий сайдыг эрж хайхад хүрээд байв.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн албанаас тодруулахад "Ерөнхий сайд айлчлалаа дуусгаж ирээд солонгос явсан нь үнэн. Хувь хүний эрүүл мэндийн асуудлыг мэдээлэх боломжгүй" гэдэг хариулт өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!