Уншиж байна ...
Зураг
Зураг

Оросын цөмийн зэвсэгт хүчний генерал Москвад болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын цөмийн зэвсэгт хүчний командлагч, дэслэгч генерал Игорь Кириллов өнөөдөр Москвад болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ.

Түүнийг өглөө эрт орон сууцнаас гарч явах үед скүүтерт суурилуулсан бөмбөг дэлбэрсэн байна. Генералын туслах бас энэ үеэр амиа алджээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Украины шүүх Кирилловыг нутаг дэвсгэрт нь хориотой химийн зэвсэг хэрэглэсэн хэрэгт эчнээ яллаж байсан юм.

Тэрбээр Оросын цөмийн, биологийн болон химийн зэвсэгт хүчний (войск Радиационной, Химической и Биологической защиты) командлагч байжээ.

Кириллов уг албан тушаалд 2017 оны дөрөвдүгээр сард томилогдсон юм байна. Түүнийг удирдаж байх хугацаанд Орос улс 5,000 орчим удаа химийн зэвсэг хэрэглэснийг Украины аюулаас хамгаалах алба (СБУ) мэдээлжээ.

Украины дайнд гүйцэтгэсэн үүрэгтэй нь холбогдуулан Их Британи, Канад зэрэг хэд хэдэн улс Кирилловыг хориг арга хэмжээгээр шийтгэж байв.

Түүнийг бас Кремлийн гол суртал нэвтрүүлэгчдийн нэг байж, Оросын аюултай, хууль бус үйлдлийг нуухын тулд худал хуурмаг мэдээлэл тараадаг байсан гэж Их Британийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Дайны турш Оросын зэвсэгт хүчин Украины цэргүүдийн эсрэг тулааны талбарт химийн зэвсэг ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 2,000 гаруй цэрэг хордож, гурав нь амь үрэгдсэнийг Киевийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC