Уншиж байна ...
Зураг
Зураг

Японы хамгийн том банк харилцагчдынхаа бэлэн мөнгийг хулгайд алдсандаа уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Харилцагчдынхаа хадгаламжийн хайрцгаас нэг тэрбум гаруй иений ($6.5 сая орчим) бэлэн мөнгө хулгайд алдсаныхаа төлөө Японы хамгийн том арилжааны банкны удирдлагууд өчигдөр уучлал гуйжээ.

Уг хулгайг тус банкны ажилтан үйлдсэн нь саяхан илэрсэн юм байна.

Mitsubishi UFJ Financial Group Inc (MUFG) гэсэн албан ёсны нэртэй тус банкны 60 харилцагч энэ хэргийн хохирогч болсноос 20-ынх нь хохирлын хэмжээг албан ёсоор баталгаажуулж, 300 сая орчим иенийг нөхөн төлөөд байгааг мэдээлжээ.

Бусад харилцагчдын хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа юм байна.

Хулгайн хэрэг тус банкны Токио хотын хоёр салбарт 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оны аравдугаар сар хүртэл хугацаанд үргэлжилснийг илрүүлжээ.

Хадгаламжийн хайрцгийг хариуцдаг, түлхүүрийг нь хадгалдаг 40 гаруй насны эмэгтэй ажилтан энэхүү хэргийг үйлдсэнд сэжиглэгдэж байгааг MUFG банкны гүйцэтгэх захирал Жүничи Ханзава өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Энэ хэрэг харилцагчдын итгэлийг сулруулж, манай банкны бизнесийн суурийг ганхууллаа” гэж хэлсэн Ханзава санааг нь зовоож, төвөг учруулсныхаа төлөө бүх харилцагчдаасаа уучлал гуйжээ.

Сэжиглэгдэж буй ажилтан хулгайлсан мөнгөө хувийн зорилгодоо зарцуулж, хөрөнгө оруулалтад ашигласнаа хүлээсэн гэнэ.

Энэхүү хулгай нь Японы банк санхүүгийн салбарт сүүлийн нэг жил орчим хугацаанд гарсан хоёр дахь том хэрэг болж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Nomura Holdings компанийн ажилтан асан тус байгууллагын Хирошима дахь харилцагчийг дээрэмдэж, амь насанд нь халдахыг завдсан хэргээр баривчлагдсан юм.

MUFG банкны хулгайн хэрэг засгийн газрын анхаарлыг хүртэл татсан байна.

Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши өндөр түвшний итгэлцэл дээр суурилсан үйл ажиллагаа явуулдаг банкны салбарт ийм ноцтой хэрэг гарсанд “маш их харамсаж” байгаагаа өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press