Индэр    
2024 оны 12 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар байгаагүй ч Ерөнхийлөгч хэлэхээ хэлж, загнахаа загналаа

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд болон цагдаа, тагнуул байгууллагын удирдлагууд, Тавантолгой түлш компанийн төлөөлөлтэй уулзсан. Энэхүү уулзалтаар нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг хөндөв. 

Улаанбаатарчууд амьсгалах аргагүй болоод байгаа энэ үед хэн нэг нь дуугарах, санаачилгыг гартаа авах шаардлагатай байсан. Энэ орон зайг төрийн тэргүүн чадамгай ашиглаж, түрүүлж дуугарав. Хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан уулзалтын талаар товч мэдээлэл өгсөн төрийн тэргүүн хөмсөг зангидан, ширүүн дуугарч буй бичлэгээ оройхон хэрд пэйжээрээ цацсан. Сайд, дарга нараа тойруулж суулгаад ширээ цохиж, зад загнаж байгаа даа гэх төсөөлөлтэй яг л нийцэв.

Сонирхолтой нь, энэхүү уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар нар оролцсонгүй. Цаг үеийн хамгийн чухал үйл явдлын гадна хамгийн гол хоёр хүн үлдэнэ гэдэг хачирхалтай. 

Ямартай ч Ерөнхийлөгчийн энэ удаагийн "загналтаар" өмнө нь татан буугдаад байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог буцаан байгуулах бололтой. Мөн төрийн хяналт шалгалт чухал гэдгийг онцолсон тул мэргэжлийн хяналтын байгууллагын асуудал ч яригдаж магадгүй юм. 

Өмнө нь дурдсанчлан хэн нэг нь түрүүлж дуугарах шаардлага байсан. Энэ орон зайд Ерөнхийлөгч тоглолт хийлээ. Далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн л битгий байгаасай. 



Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг товчилбол, "Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ одоо та бүхэн ажилдаа орцгоо. Салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй байна. Найраан дундаа ороод, явж явж найрааны Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за. Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа бид өнөөдөр яагаад ухрав гэдэг л асуудал байна. Яагаад гурван жил утаагүй байж чадсан мөртлөө одоо ийм байдалд орчхов. 

Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлээд Улаанбаатарыг ингэж бүрхэж байгаа юм" гэв. 

Мөн Тавантолгой түлш компанийн захирлыг хэн билээ чи чинь хэмээн онцолж "Та нар хатаалт хийхгүй байгаа. Миний сонссоноор шахмал түлш 13 хувийн чийгшилтэй байна гэсэн" хэмээн загнахад тус компанийн захирал н.Эрдэнэбаяр "Стандартын дагуу чийгшил нь 6 хувьтай байгаа" гэдэг хариулт өгөв. 

Үүний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чамд түүх ярьж өгөхөд, бид нарыг ажиллаж байх үед наад чийгшил чинь 4-5 хувьтай байсан юм. Тэгээд наадах чинь орчиндоо нөлөөлж байгаа юм. Чи наад түлшнийхээ чанар дээр онцгой анхаар. Барьцалдуулагч нь хоёр янз байгаа. Зохион байгуулалтаа сайн хий. Ажил хийдэггүй арчаагүй гаруудаа зайлуул. 

Цагдаа, тагнуулын дарга нар энэ дээр хэн нэг хүний толгойг илээд байх шаардлагагүй. 

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт. Гэтэл өнөөдөр байхгүй болсон. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулах шаардлагатай. Үүнийг Засгийн газын хуралдаанаар хэлэлцэх үүргийн та бүхэнд өгч байна. 

Өнөөдөр хотын захиргаа, Тавантолгой түлшид нүүрсний утаа, агаарын бохирдлыг даалгаж хаячхаад хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/wvZmkHGDuP/