ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөнгөн атлетикчид сэргээш өргөнөөр хэрэглэдгийг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Сэргээшийн эсрэг Агентлаг (WADA) Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсний төлөө олон улсын тэмцээн уралдаануудад оролцохыг хориглох хэрэгтэй гэсэн мэдэгдлийг өчигдөр хийжээ.

Үүнээс гадна Оросын дундын зайн гүйлтийн таван тамирчин, дасгалжуулагч болон албаны нийт таван хүнийг бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглох санал гаргасан байна.

WADA-гийн ернхийлөгч асан Дик Паундын тэргүүлсэн баг 11 сарын хугацаанд шалгалт хийж 335 хуудас дүгнэлт гаргажээ. Шалгалтаар Оросын атлетикийнхны дунд сэргээш хэрэглэх, түүнийгээ нуух арга нь бүх түвшинд соёл болон хөгжсөнийг илрүүлсэн гэнэ.

Үүнд Оросын засгийн газар, Спорт хариуцсан сайд нь шууд оролцож, WADA-г хуурч мэхлэх арга хэмжээ авдаг байжээ.

Мөн Москва дахь сэргээшийн лабораторийн захирал Григорий Родченков сэргээш хэрэглэсэн нотолгоо болох 1,417 шалгалтын баримтыг устгах тушаал өгч байсан байна.

Сочигийн олимпын үеэр Оросын тагнуулын албаныхан сэргээшийн лабораторид ажилтны дүрээр нэвтэрч хяналт тавьж байсныг гэрчийн этгээд бас мэдэгдсэн тухай уг тайланд дурджээ.

ОХУ-ын Хөнгөн Атлетикийн холбооны ерөнхийлөгч Вадим Зелеченок R-Sport сувагт энэ тухай ярихдаа “ямар ч асуудлыг арваннэгдүгээр сард болох Олон Улсын Атлетикийн Холбооны хурал дээр хэлэлцэх ёстой” гээд “Ямар нэг зөрчил гарсан бол тухайн тамирчны биш, холбооны буруу болох ёстой. Бид нэр төрөө цэвэрлэх болно” гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песковоос энэ тухай асуухад “Бид энэ тухай хэвлэл мэдээллээс сонссон. Манай спортын сайд няцаалт хийх байх” гэсэн хариу өгсөн байна.

 

Эх сурвалж: Mashable