Монгол, Хятад хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнгийрүүлэх, Монгол, Хятад хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Засгийн газар, Шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр хоёр улсын бүх Шинжлэх ухааны байгууллагуудын үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт ӨМӨЗО-ны Хөх хотод аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгууллагджээ.
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон гол томоохон төслүүдийн танилцуулга уулзалт, Дээд боловсролын хөгжлийн форумд оролцож, “Монгол оронд ургадаг чихэр өвсний зүйлүүдийн глицирризины агууламж тодорхойлох, тарималжуулах замаар эмийн түүхий эд бэлтгэж, байгалийн гаралтай эмийн технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт Монгол талыг төлөөлж, НЭМХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Д.Отгонжаргал, Хятад улсын талыг төлөөлж, ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны доктор С.Цэцэнбаатар нар гарын үсэг зуржээ.
Энэхүү төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хоёр талын мэргэжилтнүүдээ тодорхой хугацаагаар урьж ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх, хамтарсан судалгаа явуулах, сургалт, семинарт хамрагдах зэрэг үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн үзэсгэлэнгийн үеэр хүрээлэнгийн түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалт, сүүлийн үед хийгдсэн томоохон судалгаа, шинжилгээний бүтээлүүдээс танилцуулж, биобэлдмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний сурталчлах арга хэмжээг зохион байгуулжээ.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!