Уншиж байна ...
Зураг

Хятадын цахилгаан автомашины хөгжил бусдаас 3-5 жилээр түрүүлж явааг BYD компанийн гүйцэтгэх захирал хэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын цахилгаан автомашины хөгжил нь үйлдвэрлэлийн сүлжээ, технологи, бүтээгдэхүүний чанарын хувьд бусад өрсөлдөгчдөөс 3-5 жилийн түрүүнд явааг BYD компанийн гүйцэтгэх захирал Ван Чуаньфу өчигдөр тус улсын төв телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний оролцсон технологийн салбарын удирдагчдын чуулганд оролцсоныхоо дараа ингэж ярьсан байна.

Ван уг арга хэмжээний үеэр илтгэл тавьсан бизнесмэнүүдийн нэг байсан юм.

Хятад улс 2023 онд Японыг гүйцэж, дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болсон.

Гэвч АНУ болон Европын Холбоо зах зээлээ Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашинаас хамгаалах арга хэмжээ авч эхлээд байгаа.

Тухайлбал Европын Холбоо BYD компанийн бүтээгдэхүүнд 17 хувийн импортын татвар оноодог болсон.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд тус улсад импортлох гадаадын автомашинуудад өндөр татвар оноохоор бэлдэж байгаагаа саяхан зарласан юм.

CCTV сувгаар ярихдаа Ван Чуаньфу ийм төрлийн хамгаалах арга хэмжээ сайн бүтээгдэхүүнд нөлөөлөхгүйг сануулжээ. Худалдан авагчдын сонголт таашаал компанид нь ямар ч саад бэрхшээлийг даван туулах хүч өгдөг болохыг тэр энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters