Уншиж байна ...
Зураг

АНУ, ОХУ-ын уулзалтыг “хууль ёсны” мэт харагдуулахгүйн тулд Саудын Араб улсад хийх айлчлалаа Зеленский хойшлууллаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ, ОХУ-ын засгийн газар хооронд болсон уулзалтыг “хүчин төгөлдөр” мэт харагдуулахгүйн тулд Саудын Араб улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленксий хойшлуулжээ.

Өчигдөр Турк улсад байсан Зеленский өнөөдөр буюу Лхагва гарагт Саудын Араб улсын нийслэлд хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байсан юм.

Анкара хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр Саудын Араб улсад хийх айлчлалаа гуравдугаар сарын 10 хүртэл хойшлуулсан нь “ямар нэг давхцал үүсгэхээс” зайлсхийх зорилготой гэж мэдэгджээ.

Зеленскийн хэлсэн үгийг Украины албаны эх сурвалжууд Мягмар гарагт АНУ, ОХУ-ын хооронд болсон уулзалтыг “хууль ёсны мэт” харагдуулахаас зайлсхийсэн алхам гэж тайлбарласан байна.

Мягмар гарагийн уулзалтад Украины төлөөлөгч уригдаагүйг Зеленский хэвлэлийн хурлын үеэр баталсан юм.

“Бидний ар хударгаар хэн ч шийдвэр гаргах ёсгүй. Украины дайныг хэрхэн дуусгахыг Украины оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй” гэж тэр хэлж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр Украины дайныг богино хугацаанд дуусгахаа амлаж байсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоноо зарлаж байлаа.

Тэдний тохиролцсоны дагуу өчигдөр АНУ, ОХУ-ын гадаад хэргийн сайд нараар ахлуулсан төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Рияад хотод уулзсан юм.

Уулзалтын үр дүнд талууд энхийн яриа хэлэлцээг гардан явуулах тус тусын багийг томилохоор тохиролцсон байна.

 

Эх сурвалж: Reuters