Өнгөрсөн оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр Бразилын нэг жижиг хотын дарга зэвсэгт халдлагад өртөж байжээ.
Тухайн үед Бразилын хамгийн том хот Сан Паулогийн ойролцоо оршдог Табоан да Серра хотын дарга Жозе Априго да Сильваг автомашинтай зорчиж явах үед зэвсэглэсэн хоёр этгээд гал нээгээд зугтсан байна.
Хоёр дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөж байсан Сильва зүүн мөрөндөө шархдаад Бразилын хамгийн том эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ.
Түүний төрөл төрөгсөд болон улс төрийн холбоотнууд “зэрлэг балмад үйлдэл”-ийг буруушаасан мэдэгдлийг ар араас нь гаргаж байлаа.
Бүр Бразилын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва хүртэл хотын даргын амийг хөнөөх оролдлогыг эрс буруушаасан мэдэгдэл гаргаж байв.
“Энэ гэмт хэргийг сайтар шалгаж, буруутай этгээдэд хатуу хариуцлага хүлээлгэх ёстой” гэж тэр мэдэгдэж байжээ.
Гэвч хэргийг мөрдсөн цагдаагийн байгууллага Сильвагийн амь насанд халдах оролдлого дахин сонгогдохын тулд “тавьсан жүжиг” байсныг илрүүлснээ Даваа гарагт зарласан байна.
72 настай хотын дарга үүнийг зохион байгуулснаараа сонгогчдыг өөртөө татна гэж тооцоолж байжээ.
Сильвагийн холбоотнууд хуурамч халдлага үйлдүүлэхийн тулд хоёр этгээдэд 500,000 реал (ойролцоогоор $88,000) төлснийг мөрдөгчид баримтаар тогтоосон байна.
Сильвагийн өмгөөлөгч цагдаагийн байгууллагын мэдэгдэлд цочирдон гайхаж байгаагаа илэрхийлжээ.
“Жозе Априго бол хохирогч юм” гэж хэлсэн өмгөөлөгч Аллан Мохамед хотын дарга Калашников автомат бууны суманд шархтаж, амиа алдах шахсаныг мэдэгдсэн байна.
Харамсалтай нь Сильва хуурамч халдлага зохион байгуулсан ч дахин сонгогдож чадаагүй юм. Тэрбээр өрсөлдөгч Даниэл Плана Богальод олон саналын зөрүүгээр ялагдсан байна.
“Би түүнийг жүжиг тавьсанд итгэлтэй байсан учраас огт гайхаагүй. Бүх зүйл ил болсонд би баяртай байна. Одоо шударга ёс хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэж Богальо мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!