Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.
Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрд энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуугийн ярилцлагаар эхлүүллээ. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байх юм.
Ярилцлагын энэ удаагийн зочноор “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг зохиогч, лектор Г.Мөнгөнийг урилаа.
-“Тэнцвэртэй бай, өөрийгөө хайрлая” гэсэн агуулгыг Та юу гэж бодож байна вэ?
-Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг би хожим ном бичих үедээ илүү ихээр ухаарсан. Өөрийгөө хайрлаж байж гэр бүлдээ үнэ цэнтэй цаг гаргана. Өөрийнхөө юунд зорьж байгааг ухаарч ойлгоно. Бүх зүйл, цаг хугацаагаа гэр бүлдээ зориулж байгаа гэсэн ерөнхий бодлоор явахад хүч чадал хомсдож, ядарч туйлдах магадлалтайг ойлгосон.
Энгийнээр тайлбарлахад хөгжмийн тохируулга дээр сууж байгаа бол бүх л тохируулгыг тултал өсгөчихмөөр, тэгвэл илүү гоё дуугарах юм шиг санагддаг. Гэтэл тэгж болдоггүй юм. Түүн шиг бидний амьдрал дээр ч тохируулгууд хэрэгтэйг ойлгосон. Санхүү дээр ч гэсэн яаж мөнгөө тэнцвэртэй хуваарилж сурах вэ гэдгийг сурах ёстой юм билээ. Түүнээс санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, баян болох тухай биш юм байна гэж ойлгосон.
-Санхүүгийн сахилга бат, бизнес болон амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ?
-Хүн бүрийн амьдралын болон санхүүгийн түвшин эрс ялгаатай. Жишээлбэл, би өөртөө тулгуурлаад зөвлөгөө өгвөл энэ зөвлөгөө оновчтой болохгүй байх магадлалтай. Чи ажил, амьдралаа тэнцвэржүүл гэвэл тэр гэр бүлийн өнөөгийн ядуу амьдрал дээшлэхгүй. Илүүг олох боломжгүй гэсэн үг. Гэтэл бизнес нь амжилттай яваа хүн бизнестээ бүх анхаарлаа хандуулж, гэр бүлээ орхигдуулж, эцэст нь гэл бүл салах тохиолдол маш их байдаг.
Хэрэв танай гэр бүлд ямар нэг хуримтлал, хадгаламж байхгүй орлого бага бол чи ажилдаа анхаарал хандуулахаас өөр аргагүй. Хоёр жилийн хугацаанд ажилдаа анхаарал хандуулахаас өөр аргагүй. Энэ сонголтыг хийсэн хүмүүс гэр бүлээ орхин Солонгос руу олноороо явж ажил хийж, мөнгө хуримтлуулж байна. Түүнтэй адилхан гадаад руу явсан ч, Монголдоо байсан ч хэсэг хугацаанд ажилдаа төвлөр. Гэхдээ энэ нь үр дүнтэй байх ёстой. Ажилдаа маш их цаг зарцуулдаг хэр нь хуримтлал үүсгэсэн юмгүй, мөнгөн өгөөж гардаггүй, хэзээ нэгэн цагт үр дүнд хүрнэ гэсэн ерөнхий төсөөллөөр явж болохгүй. Үүнийг бодитоор хэмжих хэрэгтэй. Би гэр бүл, хүүхдэдээ гаргах цагаасаа хэр ихийг ажилдаа зарцуулж байна. Тэр хэрээр тийм хэмжээний хуримтлал үүсгэнэ гэж тооцох ёстой.
Би гурван хүүхэдтэй, хүүхдүүд маань хамаатны ах, эгч нарынхаа хувцсыг их өмсдөг. Цэцэрлэгт ороод харахад манай хүүхдүүд хуучны зураг шиг харагдсан. Хэдийгээр өнгөт боловч гандчихсан хуучны зураг байдаг даа. Тэрийг харахад сэтгэлд эвгүй, аятайхан хувцас авч өгмөөр санагддаг. Зөвлөгөө гэхээс илүү өөрийнхөө амьдралын туршлагаас харахад, би хүүхдүүддээ яагаад мөнгө, цаг зарцуулж чадахгүй байна вэ? гэж өөрөөсөө асуудаг. Тэр мөнгийг би ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгохын тулд хадгална гэж бодож ханддаг байв. Энэ үедээ би гэр бүлдээ маш бага цаг зарцуулдаг, тэр хэрээр багахан ч гэсэн хуримтлал үүсгээд гэр бүлийнхээ ирээдүй, хүүхдүүдийнхээ боловсролыг даах хэмжээний хуримтлалтай болохыг зорьж байсан.
-Бизнес хийх анхны хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн босгох вэ. Бизнес болон амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ?
-Үүний нарийн арга ухааныг бизнесмэнүүд илүү сайн мэдэх байх. Миний хувьд би цуглуулаад гурван сая төгрөгтэй болсон. Энэ бол хадгаламж биш, энэ мөнгөөр би юу ч хийж болно. Хадгаламж бол аюулгүй байдлын мөнгө. Алдаж болох мөнгө гурван сая төгрөг байсан. Түүгээр юу хийхээ мэдэхгүй явж байхдаа санхүүгийн тухай, өөрийнхөө амьдралын тухай хуваалцаж, ном болгон гаргая гэж бодлоо.
Гэхдээ санхүүгийн амжилтад хүрээгүй, санхүүгийн эрх чөлөө гэсэн ойлголтгүй хүн гэнэт санхүүгийн ном биччихэж байгаа юм. Тэрийг нь хүмүүс авах уу? Би үүнийг бизнес гэж харахад ямар ч итгэлгүй төсөл юм. Би олны танил биш. Гэхдээ юу ч гэсэн энэ номыг гаргая гэж шийдсэн. Надад гурван сая төгрөг байсан. Хоёр саяыг нь бичвэр, редактортаа өгсөн. Цаана нь нэг сая төгрөг үлдсэн. 100 ширхэг ном хэвлэхэд нэг номын зардал 4500, 300 ширхгийг хэвлэвэл 5600 төгрөг гэв. Би 1000 ширхгийг хэвлүүлэхээр захиалга өглөө. Надад нэг сая төгрөг байна. Хадгаламжид мөнгө байсан. Тэрийг зарцуулах ёсгүй. Яагаад гэвэл энэ маш найдваргүй төсөл. Гэхдээ би хэвлэж үзмээр санагдаж байна. Би ийм л өгөгдөлтэй байсан. Надад гурван сая төгрөг дутлаа. Маркетингийн зардал гэх мэтээр яривал гурван саяар тогтохгүй шүү дээ.
Тэгээд хамтран ажиллах байгууллага хайсан. Хувь хүний санхүүгийн сахилга бат төлөвшүүлэх тухай номд өмнөтгөл бичиж, хөрөнгө оруулалт хийгээч гэж санал тавьж эхэллээ. Би Голомт банк, Union pay, нэг нь миний найзын кофе шоп. Энэ гурван газраас мөнгө босгосон, номын өмнөтгөлд ч бичсэн.
-Тэгэхээр бага хөрөнгөөр их хөрөнгө босгож болно гэдгийг харуулсан юм байна. Тийм үү?
- Бага хөрөнгөөр ихийг босгож болно гэж би хэлж мэдэхгүй. Гэхдээ надад ийм явдал тохиолдсон. Тэгэхээр би болно гэж хэлчихвэл хэн нэгэнд хохиролтой зөвлөгөө өгчхөж магадгүй юм. Миний хувьд нэг сая төгрөгтэй ч би бүх гарцыг хайж олоод, 1000 ширхэг ном хэвлүүлсэн. Ном борлогдоод л байсан. Тэр ном надад лав 700-800 сая төгрөг өгсөн байх аа.
-Номоо ямар зарчмаар бичсэн, яагаад хүмүүст тэгж сайн хүрсэн гэж боддог вэ?
-Би зах зээл судалж, сенсаац хөөж бичээгүй. Зүгээр л хүмүүст эрэлт хэрэгцээтэй чухал сэдвийг хөндсөн юм байна гэж дүгнэсэн.
-Эрсдэлд оруулж болох мөнгө, хадгаламж гэх мэтээр мөнгийг хуваарилах нь санхүүгийн тэнцвэрийн нэг хэсэг мөн үү?
-Тийм ээ. Ер нь тэнцвэр яагаад хэрэгтэй юм бэ? гэж асууж болно. Хариулахын тулд миний мөрөөдөл юу вэ? гэдгийг бодоорой. Бид хүүхэдтэй. Хүүхдийн мөрөөдөл маш чухал. Би өөрийгөө хаях уу, хүүхдүүдээ сонсох уу? Эсвэл нэг гоё байр авах уу, эсвэл унахыг хүссэн машинаа болих уу? Гадаадад аялах уу? гэх мэт маш төвөгтэй сонголт, олон асуулт гарна. Энэ бүхнээс нэгийг л сонговол би бусдаар нь хохирно л доо. Тэгэхээр аз жаргалыг олохын тулд дээрх үнэт зүйлүүддээ тэнцвэртэй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно.
Би хувийн санхүүгийн зөвлөгөө өгдөг учир ийм олон жишээнүүдтэй таардаг л даа. Бүх мөнгөөрөө байр авчихсан. Гэтэл хайртай хүн нь хүндээр өвдсөн. Байрныхаа урьдчилгааг хийчихсэн, байр нь ашиглалтад ч ороогүй, бас зээлтэй. Ийм үед яах вэ? Тэр хүн хэдхэн сарын өмнө маш их аз жаргалтай байсан. Ийм зовлонгоос хүнд аюулгүй байдлын мөнгө хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Өмнө нь нэг дансанд мөнгө цуглуулж байгаад л нэг юм авдаг байсан бол дараа нь аялах, сурч хөгжих, мөн хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулах, гэнэт эрүүл мэндийн асуудал үүсвэл яах вэ гэж бодож, багахан ч хамаагүй мөнгө хуримтлуулж л байх ёстой. Ихийг олох нь чухал биш, хуримтлуулж сурах зуршил нь хэрэгтэй. Тэгэхээр үүнийг санхүүгийн тэнцвэрт байдал гэж тайлбарлаж болох юм.
-Их хөрөнгөөр их хөрөнгө бүтээх боломжтой юу?
-Би номынхоо орлогоос өөрийн оффистой болъё гэж мөнгө цуглуулсаар 100 сая төгрөгтэй болсон. Оффис авъя гэтэл маш үнэтэй тул бүтэхээргүй болов. Тэгээд жижигхэн ч хамаагүй байр авахаар шийдсэн. Нэг найзтайгаа уулзаад хаа байсан Яармагаас цааш байр ашиглалтад орно гэхээр нь үзлээ, 220 сая төгрөгийн үнэтэй байр аж. Би байранд анх 40 саяыг зарцуулахаар төлөвлөж байсан ч 100 сая төгрөгөө бариад очлоо. Тэгсэн 220 сая төгрөгийн үнэтэй байр 160 сая төгрөг болж хямдарсан. Тухайн үед олон талын яриа өрнөсөн л дөө. Нэгдүгээрт, тэр хүн намайг дэмжсэн. Нөгөө талаар манай найзын таньдаг хүн байсан. 220 саяын байрыг 160 сая төгрөгөөр авсан. Энэ дээр юуг хэлэх гэсэн гэхээр бэлэн мөнгө хүчтэй.
-Аливаа эрсдэлийг бууруулахад мөнгө чухал уу, авьяас чадвар чухал уу?
-Авьяас чадвар, мөнгө хоёр хоёулаа л эрсдэлийг бууруулна. Гэхдээ хүмүүс аль болох мөнгийг эрсдэлээс хамгаалах зэвсэг гэж хардаг. Чадвараараа эрсдэлийг давна гэж бодох нь эндүүрэл. Би чадвартай хүн гээд ямар нэг хуримтлалгүй ам бардам явах нь харин ч эрсдэлтэй.
-Өрийн дарамтаас гарах сэтгэлгээ гэж юу вэ?
-Өрөнд орсноо эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Яг юунаас болж өрөнд оров? гэдэгтээ тодорхой хариулах ёстой. Би амжилт олно гэж энэ бизнесийг эхэлсэн. Гэвч бусдад залилуулсан гэх биш. Чамд яг ямар асуудал байв гэдэгт төвлөр. Эцэст нь дахиж л бизнес эхлэхээ больё, алдах юм билээ гэдэг бол маш утгагүй дүгнэлт. Тухайн бизнес хийж байхдаа ямар алдаа гаргаж, дампуурснаа мэдэх нь маш чухал.
Миний хувьд би баяр наадмыг маш гоёор тэмдэглэх гэж хичээдэг. Түрээсийн байранд маш их мөнгө төлдөг, өнөөдөр гоё амьдрах нь чухал гэж боддог байсан юм билээ. Яг одоо гайгүй байранд амьдарч, гоё хоол идэж, гайгүй хувцас өмсөж, сүүлийн үеийн гар утас барих хэрэгтэй гэдэг философи надад хүчтэй үйлчилж байсан юм билээ. Үүгээр өөрийнхөө карьерийг авч явж байна гэж боддог байж. Тэр нь эндүүрэл байсныг ухаарсан. Буруу бодож явснаа хүлээн зөвшөөрсөн. 20 гаруй сая төгрөгийн өрөнд орсон. Өрөнд орчихоор энийг л төлчихвөл болох юм шиг санагддаг. Энэ бол өрийн дарамт л даа. Өртэй хүн өнөөдөр мөнгө нэхээд байгаа хүний мөнгийг өгчихвөл тайвширдаг, тийм жижигхэн мэдрэмжийн төлөө хөөцөлддөг болдог. Өрийг дуусгах биш, 10, 20 хоног чих амар байхын төлөө өөр нэгнээс мөнгө зээлж, нөгөөд төлдөг. Ингэж өрийн сүлжээ үүсдэг.
Цэцэрлэгийн менежер нэг эмэгтэй хэд хоногийн өмнө зөвлөгөө авсан. Цэцэрлэгийн эзэн нь түүнд “Би чамд итгэж байна. Цэцэрлэгээ бүх тоног төхөөрөмжтэй нь нэг жилээр чамд хямдхан түрээслүүлье. Чи хариуцаад ажиллуул” гэсэн. Нэг жил ажиллуулсан, ямар ч ашиг олж чадаагүй. Элсэлт нь багасаж, их хэмжээний өрөнд орсон. Тэр эмэгтэй яагаад 80 сая төгрөгийн өрөнд орчхов? гэж өөрөөсөө асуусан. Тэр эзнийхээ итгэлийг алдахгүйн тулд эргэн тойрны хүмүүсээсээ мөнгө зээлээд л сарын түрээсээ төлдөг байж. Хүндлэл дээр тулгуурласан, итгэл алдахгүй гэсэн тэр айдсаас болж санхүүгийн хүндрэлд орсон. Одоо ч тэр хүн өрөө төлөхийн төлөө зүтгэж байна. Гэр бүл, ах дүү нар, найз нөхдөө эрсдэлд оруулсан. Энэ хооронд хүн өөрийгөө мартдаг. Хуримтлал хийх талаар санахын ч хэрэггүй. Тэгж байгаад болох байх гэсэн хоосон итгэл найдвараар явж ирсэн гэх үү дээ.
-Хадгалах, хуримтлуулах дадлыг хэрхэн суулгах вэ?
-Дадал тийм хурдан суудаггүй, бага багаар тогтдог. Огт хадгалдаггүй дадалтай хэдэн үеэрээ амьдарсан бол хэцүү л дээ. Би ч гэсэн тэдний нэг. Манай гэр бүлийнхэн ч тийм. Хэрэв хуримтлуулдаг байсан бол бидэнд багахан ч гэсэн хөрөнгө өвлөгдөх байсан байх. Энэ бол суулгах ёстой дадал. Суулгахын тулд маш олон саад бэрхшээл тулгарна. Харах өнцгөө өөрчилнө, эргэн тойрны нөлөөллөөс өөрийгөө авч гарна гэсэн үг. Эхлээд хадгалаад үзэх хэрэгтэй. Мөнгө хадгалаад, түүнийг хэрэглэхгүйгээр бусад асуудлаа зохицуулж чадаж байна уу гэдгээ харах хэрэгтэй.
Би ийм арга хэрэглэсэн. Нэг сая төгрөгийн орлого орвол 500 мянга орлоо гэж бодно. 500 орсон бол 500-гаа хэрэглэнэ. Би 1.3 саяын зээлтэй гэж бодъё. Гэхдээ чамд 500 орсон, тэрнийхээ тодорхой хувийг зээлд, хоолонд гэх мэтээр хуваарилна. Тэгэхээр дахин мөнгө олох хэрэгтэй гэсэн даалгавар ирж байгаа юм. Би яагаад зээл авснаа өөрөөсөө асууж, зээлээ төлөхийн тулд хэрэглээгээ танах, хоолоо сойх, хообийноосоо татгалзах, мөнгөө хэмнэж өөрөө өөрийгөө шийтгэх хэрэгтэй. Эхлэл нь тэр. Бүсээ чангална. Бага багаар дараагийн алхамд шилжинэ. Хүмүүс хадгаламжийг мөнгө олохтой холбож тайлбарлах гээд байдаг. Мөнгө хадгалахын оронд мөнгөөр илүү ихийг олох нь зөв юм биш үү гэдэг. Тийм боломж хүн бүхэнд байхгүй. Илүү олох гэдэг ойлголт хадгалахаас тэс өөр. Илүү ихийг олбол үрнэ. Хадгална гэдэг өөрийнхөө хүсэл, хэрэгцээний хязгаарыг тогтоож сурна гэсэн үг.
-Санхүүгийн тэнцвэр гэж юу вэ?
-Үр хүүхдэдээ, орон сууц авахад, боловсролд хэдийг хадгалах вэ гэж тэнцвэртэй данснуудтай болно гэсэн үг. Нөгөө талд өр төлөх, хадгалах тэнцвэрт байдал. Хүмүүс “Эхлээд өрөө л төлье” гээд бүх мөнгөө зээл рүүгээ шилжүүлдэг. Өөртөө мөнгө хадгалдаггүй, өөртөө мөнгө хийх хэрэгтэй. Тэнцвэртэй байх хэрэгтэй, аль нэгийг нь гэж болохгүй.
Гуравдугаарт, хөрөнгө бэлэн мөнгөний харьцаа тэнцвэртэй байх хэрэгтэй. Хэрэв бүх мөнгөө хөрөнгө болгоод бэлэн мөнгөгүй бол хөрөнгө чинь үнэ цэнээ алдана. Яаралтай мөнгө хэрэг болбол үнэтэй хөрөнгөө хямдхан зарах болно.
-Хадгаллаа гэхэд үнийн өсөлтийг дагаад хэрэглээний өртөг өссөөр байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ бол хэзээ ч дуусахгүй амьдралын шалгуур л даа. Үнэ өснө, дагаад хэрэглээ ч өсөх нь тодорхой. Мөнгө хадгалсан ч, хадгалахгүй байсан ч үнийн өсөлт зогсохгүй. Гэхдээ хадгалсан нь хадгалаагүйгээс хамаагүй дээр.
Дансанд байгаа миний хэдэн төгрөгийн худалдан авах чадвар муудаад байна. Энэ бол сайхан зовлон шүү дээ. Арай өөр түвшний зовлон, хөрөнгө оруулалт хийх түвшний зовлон.
-Тэнцвэртэйгээр өөрийгөө хайрлах тухай агуулгыг энгийнээр тайлбарлавал?
-Хүн сэтгэлгээний аргачлалыг өөртөө хэрэглэвэл зүгээр гэж би бодсон. Хэрэв амьдрал дээр ямар нэг алдаа, хүнд хэцүү зүйл тулгарвал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь юун дээр алдсанаа өөрөөсөө асуу. Үүнийг бодитоор тайлбарлавал өнгөрсөн хугацаанд хэт их нэр хүнд, харагдах байдалд ач холбогдол өгч байж. Гэтэл миний бодит байдал, санхүүгийн боломж муу, өртэй. Үүнийгээ зөвшөөрдөггүй. Одоо алдаанаасаа суралцъя. Өрийг өрөөр төлөөд яваад байж. Нэгдүгээрт, хэн нэгнээс мөнгө авч, нөгөөгийн өрийг өгөөд байж болохгүй. Хоёрдугаарт, би нэг л өдөр цөм баяжна гэсэн хоосон бодлоо орхи. Яг өнөөдөр олж байгаа орлого чиний олж чадах мөнгө. Тэгэхээр энэ мөнгөнийхөө хэмжээнд л асуудалд хандах хэрэгтэй. Хувааж хадгалах хэрэгтэй. Энэ бол алдаагаа засах эхлэл. Өөрийгөө азгүй, хорлогдсон, хохирогч гэсэн байр сууринд тавьж болохгүй. Алдсан ч, хохирсон ч чи. Алдаагаа олж хараад, засах алхмыг хийх нь чухал. Өдрийн тэмдэглэл хийвэл хүн өөртэйгөө ярих боломж олддог.
Ном гаргахад надад тусалсан зүйл бол миний санхүүгийн тэмдэглэлүүд. Жишээлбэл, 50 мянган төгрөг юунд зарцуулав? Түүний алийг нь буруу, зөв зарцуулав, тэр өдөр би юу хийв? гэдгээ тэндээс олж харж, дүгнэдэг. Сурахад 25 сая төгрөг зарцуулсан байсан. Сурсан бол дараагийн зөв алхмаа хий гэсэн үг.
-Ажил, амьдралын хэмнэлдээ тэнцвэртэй байдлыг төлөвшүүлэхийн тулд анхаарах зүйл нь юу вэ?
-Тэнцвэртэй байдал гэдэг томьёоллыг амьдрал дээрээ буулгах хэрэгтэй шүү. Жишээ нь, та өр зээлдээ баригдсан, асуудалтай байгаа бол таны тэнцвэрт байдал хаана хүрэх ёстой. Эхлээд та хэмнэлт хийж, хэрэглээгээ багасгах замаар мөнгө хадгалж эхэл. Гэр бүлдээ бага цаг зарцуулж, ажилдаа илүү төвлөр. Таны тэнцвэрт байдал эндээс эхэлнэ. Санхүүгийн байдал сайжраад ирэхэд гэр бүлдээ цаг гаргах боломжийг бүтээнэ. Эхнийх нь тэнцвэргүй мэт харагдах боловч чи тэнцвэрийн төлөө явж байгаа шүү гэж хэлмээр байна.
Тархиа ажиллуулахын тулд өөртөө цаг гарга. Дасгал хөдөлгөөн хий, тэгж байж тархины цусан хангамж сайжирна. Ном унших хэрэгтэй, мэдлэг мэдээлэл сайжирна. Дараа нь багахан мөнгөө яаж амьдралдаа хүргэх вэ гэдэг мэдээлэлтэй тархи, цусны эргэлтээ ашиглаад амьдралдаа хандах хэрэгтэй юм билээ.
Voyage Mongolia “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” Ярилцлагын дэлгэрэнгүйг сонсоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!