Уншиж байна ...
Зураг

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид эхний уулзалтаараа энхийн гэрээний яриа хэлэлцээг гардан явуулах баг томилохоор тохиролцов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Саудын Араб улсын нийслэлд АНУ, ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид Украины дайныг дуусгах асуудлаар анх удаа уулзлаа.

Энэхүү уулзалтын үр дүнд тэд энхийн гэрээний яриа хэлэлцээг гардан явуулах тус тусын багийг томилохоор тохиролцсон байна.

“Өнөөдөр урт бөгөөд хүнд хэцүү аяллын эхний чухал алхмыг хийж чадлаа” гэж уулзалтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын дараа НАТО-гийн цэрэг Украины нутаг дэвсгэрт байрлахыг хэрхэвч зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байна.

“Зэвсэгт хүчин өөр далбаан дор харагдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Мэдээж үүнийг бид яасан ч зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.

Украины төлөөлөгчийг уулзалтад урьж оролцуулаагүйд гайхаж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдсэн юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүний энэ хандлагад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Флорида дахь Мар-А-Лаго эдлэндээ сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Тэд уулзалтад суудал олдоогүйд бухимдаж байна гэж би сонссон. Тэд гурван жил, түүнээс ч өмнө суудалтай байсан шүү дээ. Тэд асуудлыг маш амархан шийдэж болох байсан” гэж Украины гомдлын талаар хэлсэн байна.

Саудын Арабын нийслэл Рияад хотод болсон уулзалтын дараа Украины дайныг дуусгаж чадна гэдэгтээ улам итгэлтэй болсныг Трамп мэдэгджээ.

“Тэд маш сайн байсан. Орос ямар нэг зүйл хийхийг хүсэж байна. Тэд зэрлэг дайныг зогсоох хүсэлтэй байна. Энэ дайныг дуусгах хүч надад байгаа гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.

Европын орнууд Украинд цэргээ илгээх боломжийн талаар асуухад Трамп “Хэрвээ тэд ингэхийг хүсэж байгаа болж энэ нь маш сайн хэрэг. Би үүнийг дэмжихэд бэлэн байна” гэж хариулжээ.

Өчигдөр Рияад хотод болсон үйл явдал нь Украины дайн эхэлсэн цагаас хойш АНУ, ОХУ-ын төлөөлөгчид анх удаа нүүр тулан уулзсан тохиолдол байлаа.

Уулзалтад АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогоос гадна Ойрх Дорнодын асуудал хариуцсан элч Стив Виткоф, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц нар байсан бол ОХУ-ын талд гадаад хэргийн сайд Сергей Лавровоос гадна ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, баялгийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцжээ.

Хоёр улс харилцан элчин сайд нараа томилж, “хамтын ажиллагааг бүрэн сэргээх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон” тухай Лавров мэдэгдсэн байна.

“Энэ бол маш хэрэгтэй уулзалт байлаа. Бид харилцан нэг нэгнээ сонсож чадлаа” гэж тэр хэлсэн юм.

Украиныг НАТО-д элсүүлэх нь Орос улсад “шууд аюул занал” болно гэсэн Москвагийн өмнөх байр суурийг Лавров энэ үеэр давтан илэрхийлсэн байна.

“Бүх талууд буулт хийх ёстой. Бид одоохондоо энэ талаар урьдчилан хэлэх боломжгүй байна” гэж Марко Рубио мэдэгдээд Орос улс “нухацтай үйл явцыг эхлүүлэхэд бэлэн байгаа” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Даваа гарагт Европын удирдагчид Парист шуурхай уулзалт зохион байгуулахдаа ерөнхийлөгч Трампын бодлогын хариуд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн юм.

Тэд тус тусын батлан хамгаалах зардлаа өсгөх тал дээр тохиролцсон ч Украинд энхийг сахиулах цэргийн нэгдсэн хүч илгээх асуудлаар санал нэгдэж чадаагүй байна.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер аливаа энхийн гэрээнд Оросыг дахин хөрш рүүгээ дайрахаас сэргийлэхийн тулд АНУ-ын дэмжлэг гарцаагүй шаардлагатай гээд Украинд цэрэг илгээх асуудлыг судалж үзэхээ амласан байна.

НАТО-гийн гол гишүүн улс Германы канцлер Олаф Шольц цэрэг илгээх асуудлыг ярихад “хэтэрхий эрт байна” гэж мэдэгджээ.

Польшийн ерөнхий сайд Дональд Туск бас цэрэг илгээх санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони нэгдсэн хүчний цэргийг Украинд байрлуулах нь энх тайван тогтоох “хамгийн төвөгтэй, үр дүн багатай арга” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өчигдөр Марко Рубио “яриа хэлэлцээний аль нэг шатанд Европын төлөөлөгчид оролцох ёстой, учир нь тэд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан тал” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “хэнийг ч үйл явцын гадна үлдээхгүй” гэж амлажээ.

“Уг мөргөлдөөнд оролцогч бүр сэтгэл хангалуун үлдэх ёстой” гэж Рубио энэ үеэр хэлсэн юм.

Харин өчигдөр Турк улсад айлчилж байсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уулзалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

“Бид бүх зүйл шударга болж, хэн ч бидний ар хударгаар асуудлыг шийдэхгүй байгаасай гэж хүсэж байна. Украингүйгээр Украины дайныг зогсоох талаар шийдвэр гаргах боломжгүй” гэж Зеленский хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC