Уншиж байна ...
Зураг

Билл Гэйтс дөрвөн зүйлээс айж явахыг хойч үедээ захив

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гэйтс өнгөрсөн долоо хоногт нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо дөрвөн зүйлээс айж явахыг залуу үеийнхэнд захижээ.

“Бид ирээдүйдээ дөрвөөс таван зүйлд санаа зовж явах ёстой болж байна. Би бага залуудаа тэдгээрийн зөвхөн ганц нь болох цөмийн дайнаас айдаг байлаа. Өнөөдөр үүн дээр уур амьсгалын өөрчлөлт, биотерроризм/өвчин тахал, хяналтаас гарсан хиймэл оюун ухааныг нэмэх хэрэгтэй гэж би бодож байна. Тэгэхээр бид одоо айж явах дөрвөн зүйлтэй боллоо” гэж тэр CHM (Computer History Museum) байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцохдоо хэлсэн юм.

Гэйтс сүүлд “нийгмийн туйлшрал” гэсэн нэг зүйлийг нэмж хэлсэн байна.

Гэхдээ тэр хиймэл оюуны технологийн хөгжлийг асуудал гэхээсээ илүү шийдэл гэж харж байгаагаа илэрхийлжээ.

“Бидэнд өнөөдөр анагаах ухааны сайн мэргэжилтэн, эсвэл математикийн сайн багш дутагдаж байна. Бидэнд оюун ухаан, мэдлэгийн хомсдол бий. Тиймээс үүнийг нөхөхөд хиймэл оюуныг ашиглах ёстой. Хүмүүс цаг хугацааны талаар өөр өөр төсөөлөлтэй байгаа ч хэзээ нэг цагт хиймэл оюун нь мэдлэгийг үнэ төлбөргүй болгох учиртай” гэж Гэйтс тайлбарласан байна.

Эдгээр аюулыг шийдвэрлэж чадвал хүн төрөлхтөнд сайхан ирээдүй бий гэдэгт тэр итгэдэг гэнэ.

“Эдгээрийг шийдэж чадвал бүх зүйл сайхан болно. Бид алцхаймер, таргалалт, ДОХ-ыг эмчилж, улаан бурхан, хумхаа, халдварт саа өвчнөөс сална. Өнөөдөр инновацын хурд урьд урьдынхаас илүү өндөр байна” гэж Гэйтс хэлсэн юм.

Хэдийгээр айдас хүмүүст сайнаар нөлөөлдөггүй гэдэг ч шинэ үеийнхний хувьд “хөдөлгөгч хүч” болно гэдэгт тэр итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider