Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгчийн хэргийг түр хамаарагч Ахужаг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад нүүрлээд буй байгаль орчны гол асуудлуудын талаар, ялангуяа газрын доройтолд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах стратеги, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, биологийн олон янз байдлыг хадгалан үлдээх чиглэлд хийж буй ажлуудын талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон “Монгол Улсын Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Энэхүү төсөл нь байгалийн нөөцийг хамгаалах үр дүнтэй ажил болохын зэрэгцээ орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих юм. Түүнчлэн газрын доройтлыг бууруулах, газар ашиглалтыг оновчтой зохион байгуулах замаар тогтвортой, хөгжингүй ирээдүйг бий болгох боломжтой." гэдгийг онцоллоо.
ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн хэргийг түр хамаарагч Винод Ахужа “Монгол Улсад тулгамдаж буй экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ХХААБ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Бидний хамтын ажиллагаа газрыг нөхөн сэргээхийн зэрэгцээ байгалийн нөөцийг зөв зохистой ашиглахад орон нутгийн иргэдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, чадавхжуулах нь бидний гол зорилго оршиж байна.” хэмээн тодотгов.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажил нь газар ашиглалтыг нэгдсэн журмаар төлөвлөх, орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн бодлогын хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм.
Төслийг Даян дэлхийн байгаль орчны сан санхүүжүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэрэгжүүлэх бөгөөд гол түншээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг ажиллана. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгааны хүрээлэн, орон нутгийн удирдах байгууллагууд зэрэг бүхий л холбогдох талууд оролцох юм.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтолд өртөөд байгаа нь биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэр, орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна.
ХХААБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх энэхүү төсөл нь доройтсон газрыг нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, байгаль орчны бодлогыг оновчтой, үр ашигтай болгох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төслийн хүрээнд 23,800 га бэлчээр болон ойг нөхөн сэргээж, 634,000 га газарт менежментийг сайжруулах бөгөөд ингэснээр 1.72 сая тонн CO2-эквивалент ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулж, 10,000 гаруй иргэд үр дүнг хүртэнэ гэж тооцоолж байна.
Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар болон ХХААБ байгаль орчны тогтвортой байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хадгалах, нутгийн иргэдийн сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулахыг дэмжих өөрсдийн амлалтыг нотолж байгаа юм.
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!