Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний хэсгийн шатны тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа.
Румын улсад зохиогдож буй энэ тэмцээнд нийт 16 баг таван өдрийн турш тойрч тоглосны эцэст Европын "FaZe Clan", Португалийн "SAW", Туркийн "Eternal Fire", Саудын Арабын "Team Falcons", Бразилын "paiN Gaming", Германы "MOUZ", Данийн "Astralis", манай улсын "The MongolZ" гэсэн найман баг Playoffs шатанд шалгарч байна.
"The MongolZ"-ийн хөвгүүд Playoffs шатны эхний тоглолтоо Данийн "Astralis" багтай энэ Баасан гарагийн 19:00 цагт тоглохоор болжээ. Хэрэв хожвол шөвгийн дөрөвт Бразилын "paiN Gaming" болон Германы "MOUZ" багийн аль хожсонтой нь тоглох юм.
Тэдний хувьд Данийн "Astralis" багтай өмнө нь гурван удаа учраа таарч, хоёр хожигдсон байна. Хамгийн сүүлд Саудын Арабт зохиогдсон "YaLLa Compass 2024" тэмцээний хагас шигшээ шатанд тус багийг 2:1-ээр хожиж байв.
Манай улсын баг аваргын төлөө тэмцээний гол өрсөлдөгч болох Европын "FaZe Clan"-тай учраа таарах магадлалтай байна. Учир нь "FaZe Clan" шөвгийн наймд Португалийн "SAW" багийг хожвол шөвгийн дөрөвт Туркийн "Eternal Fire" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожсонтой нь тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!