• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЖ СЭРЭХ ЦАГ

ikon.mn
2015 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-Тэмдэглэл -1-

“Амьдрал бол өөрийгөө хайх бус, өөрийгөө бүтээх талбар юм”

Жорж Бернард Шов

Хүн бүхэн өөдрөг байдлыг бие биедээ хүсэн ерөөхдөө нэг нэгэндээ “АМЖИЛТ” хүсдэг. Гэвч, амжилт гэж чухам юу юм бол? Зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тухай сая сая арга, аргачлал хүн төрөлхтний түүхэнд бий болсон байх. Гэвч хэн нэгэн өөрийн зорилгодоо хүрэнгүүт түүний амьдрал төгс дүүрэн болчихдог гэж бодож байна уу? Бидний амьдрал нэг цэгээс нөгөө цэгт хүрэх аяллын маршрут биш. Бидний хүсэл мөрөөдөл ямар нэгэн үйл явдал, тодорхой цэгт очоод дуусах зорилгоор хэмжигдэх боломжгүй.

Хүн бүхэн “маргааш”, “ирээдүй” хэмээх тодорхойгүй мөртлөө, тодорхой чиглэлд өөрийгөө зориулдаг. Гэвч тэрхүү зорилгодоо хүрэхийн төлөө юуг хэрхэн золиосолж буйгаа төдийлөн анзаардаггүй. Тийм ч учраас амьдрал бүхэлдээ аз жаргалтай, аль эсвэл алдаа харуусал дүүрэн байх боломжгүй.

Бидний амьдралд аз жаргалтай агшин хормууд, адармаатай өдөр сарууд үргэлжилж байж бүтэн болдог. Бүтэн амьдралыг өдөр бүр сорилт, туршил, алдаа, бас сэтгэл сэргээсэн үйл явдлуудаас бүтдэг. 

Улс үндэстний өмнө тулгамдсан асуудал бэрхшээлийг аваад үзэхээр, нам эвсэл, франц бүлэг яригдана. 

Хүн амьдралаа хэрхэн өөрийнхөө хүссэнээр цогцлоож болох тухай мянга мянган ном хэвлэгдэж гарсан байх. Тэнд бичигдсэн үгсийг тоолбол  дэлхийг хэд тойрох хэмжээнд хүрэх биз. Бид тэдгээрийг бүгдийг унших, мэдэх, ухаарах бололцоо байхгүй. Амьдрал ч тийм завдал өгөхгүй.

Тэгэхээр яах вэ? Хэрхэн сэтгэл дүүрэн амьдралыг бий болгох вэ? Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө хүнд аз жаргал авчирдаг уу? Улс үндэстэнд давуу байдал бий болгодог уу? Эсвэл гэр бүл, үр хүүхэд, халуун дулаан харилцаа бидэнд жаргалыг мэдрүүлдэг үү? Өв тэгш хүн, өв тэгш амьдрал гэж байдаг уу? Тэр бүгдийг шашин, гүн ухаан, бясалгал, дотоод итгэл үнэмшлээр дүүргэж хариултыг нь олж болох уу? Чухам яаж бид сэтгэл тэнэгэр байж болох вэ?

Хязгаагүй хүсэл, тэмүүлэл, шунал, аминч үзлийг хязгаартай боломж, хашигдмал нөөцөд агуулж үл болно. Асуудал хөвөрсөөр. Хааяахан бид өөрөөсөө энэ бүхнийг асуудаг ч өдөр тутмын аар саар атлаа, чухал хойш тавьшгүй алхамд захирагдан хөгжлийн боол, хүний нийгмийн эрэг шураг болдог. Үгүй гээд ч яалтай. 

Сансар огторгуй, гараг эрхсийн үзэгдэл, мөн чанарын тухай бодохоор бодгаль хувьтан бидний хорвоо жижиг ч юм шиг. Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан том том сорилтыг аваад үзэхээр хүн төрөлхтний өвөр зуураа жийлцэх бичил тэмцэл утгагүй ч юм шиг. Нэг л дэлхий дээр, нэг л хувь тавилантай байж бие биенээ, арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгах дэндүү өчүүхэн гэмээр. Улс үндэстний өмнө тулгамдсан асуудал бэрхшээлийг аваад үзэхээр, нам эвсэл, франц бүлэг яригдана. Эд бол тоосонцрын дайнд хүрэхгүй яльгүй асуудал. Асуудал томоос жижгирэх тусам, бид үнэний зүй тогтлоос гажуудаж, хүний мөн чанараа гээгээд ч байгаа юм шиг.

“Дэлхийг 24 цагийн өмнө үүссэн гэж тооцвол хүн төрөлхтний үүсэл хөгжил сүүлийн 10 минутад л хамааралтай” гэж Харвардад геологийн судалгаа хийдэг Уянгаа маань мэргэжилтний нүдээр хэлж байсан. Үнэхээр ч бидний оюун санааны эрчим бололцоо хязгааргүй ч нийгэм, улс төр, эдийн засгийн хэт давчуу хэмжээст хэлбэршилд орохоороо хэт болхи болж таарч байна. Өнөөдөр яагаад Монгол хүн Монгол хүнээ гэсэн сэтгэл дутагдаад байна. Яагаад бид биенээ чин сэтгэлээсээ дэмжих сэтгэлийн тэнхээ үгүйлэгдээд байна? Энд мөн чанарын асуудал, улс үндэстний оршин тогтнож ирсэн гүн ухааны тухай асуулт гарч байна. 

13 дугаар зуунд Чингис хаан Бухарыг өөрийн биеэр дайлсан. Түүнийг Бухар хотын дааман хаалгаар сүр хүчин төгөлдөр морилоход Турк, Сэлжүк тэргүүтэй хотын 280 дээдэс мэхийн ёсолж албат иргэд нь болж буйгаа илэрхийлсэн байдаг. Тэр мөчид Чингис хаан дайны шалтгааныг тайлбарласан. “Та нар өөрсдөө үйлээ эрж бидэнд цэвдэг хандаагүй бол бидэнд дайтах санаа байхгүй байсан” хэмээх утга бүхий үг хэлдэг.

Дараа нь их хаан Бухаарын сүмийг заан “Ийм том болохоор энэ Султаны өргөө мөн үү?” гэж асуудаг. “Энэ бол сүм” гэсэн хариултыг сонсоод “Мөнх тэнгэрийн санааг ийм өчүүхэн чулуун байшинд багтаах боломжгүй” гэж хэлдэг. Коран судрыг заагаад “Энэ юу вэ” гэж асуухад, “Бурханы сургаал гэж” хариулдаг. Чингис хаан, “Мөнх тэнгэрийн санааг эгэл хүн барьж аваад номд шингээх” боломжгүй гэж хэлдэг. Энд гарч буй логик бол бидний өвөг дээдэс аливаа юмс үзэгдлийг хэлбэр талаас нь бус агуулга, мөн чанарыг нь илүү ойшоож, утгашааж үздэг байсан нь харагдаж байна. 

Чингис хаанд дэлхий байсан. Тэр үед нээгдсэн хуурай газрын үлэмж хувь байсан. Гэтэл яагаад Александр, Цезар шиг алтан хөшөө өөртөө бариулсангүй вэ? Яагаад том том орд өргөө босгож, өөрийгөө алдаршуулах алхам хийсэнгүй вэ? Энд Чингис хэмээх хаан, Тэмүүжин хэмээх хувь хүний тухай бус Монголын гүн ухааны тухай логик явж байна. Монголчуудын мөнх тэнгэр бол дээр цэлийх хязгааргүй хөх тэнгэр гэсэн ойлголт дангаар байсангүй. Энэ бол огторгуй мандлын хэмжээнд, гараг эрхсийн хязгааргүйг эзлэх мөнөөх эгэл “мөн чанар”-ыг таньж байсан ард түмний ухаан. 

Эргээд сэдэвтээ оръё. Монгол хүн өнөөдөр өөрийн гэсэн үндэстний мөн чанарын таних тэмдэггүй, тамгагүй болчихоод байна. Энэ тухай олон зүйл нуршаад яахав. Ерөнхийдөө ази царайтай, голдуу европын соёлд дуртай, дорвитой юм хийж бүтээхгүй атлаа бусдын хийсэнд сэтгэл гонсгор. Бага сага мөнгө олбол өөрийгөө л додомдохоос бус эргэн тойрон, нийгэмдээ харам. Ийм л болчихсон байна. 

Үндэсний үзэл, үндэсний ухамсар нэрийн дор монгол дээр, соёлын бусад өгөгдөхүүнээр гангарч байгаа ч язгуур Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, мөн чанарыг таньсан ухаанаа олон зуунд мартжээ. Үе үе сэргэж ирсэн тэр ухамсар ямар нэгэн хувьсгал, үзэл суртлаар хэлбэржиж амилах ч тогтвортой сууриа олж чадаагүй л байна.

Улс бүрд зовлон бий. Том улсад том зовлон бий. Жижиг улсад ч мундахгүй бэрхшээл бий. Дашрамд дурдахад бид өөрсдөө өөрсдийгөө “жижиг улс” гэж басдагаа болих хэрэгтэй. Бид бусдаас жижиг тархигүй, бусдаас жижиг нуруугүй, бусдаас жижиг түүхгүй, бусдаас жижиг газаргүй. Том багын тухай асуудал бол хүн амын тоонд биш, хөгжлийн боломжийг хэр зэрэг ашиглаж, иргэдээ аз жаргалтай байлгаж чадаж байна уу, бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна уу гэдгээс шалтгаална. 

Бусад улсын зовлонг энд тоочих шаардлагагүй. Яг үнэндээ нүдээ сайтар нээгээд харвал монголын асуудал хэлбэртээ биш хандлагадаа байна. Монголд асуудал шийдэхэд хөрөнгө дутаж байж болно, гол нь сэтгэл дутсан нь их. 

Цээжээ дэлдэн гадны жуулчдыг айлгаж, хий омог бадруулж байхаар үндэстнийхээ түүхийг ул суурьтай харвал илүү өргөн дүр зураг, илүү том ухаан харагдана. Хэрвээ өнөөдөр манайд байгаа улс төрчдөд бүгдэд нь сэлэм жад өгөөд, дундад зууны аргаар асуудлаа шийд гэсэн бол энэ ордон эзгүйрэх байсан байх. Бүгдээрээ санацгаая. 13 дугаар зуунд Чингис хаан ёс журам, дэглэм журмыг зэвсгийн хүчнээс илүү сэтгэлийн хүч, эв нэгдлээрээ зангидаж байсан. Тийм ч учир “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа одох вэ” гэж сургаж байсан.

Хүзүүг нь тас харвангаа алдсан дайсныг бүү хэл хажуугаар гарахдаа муухай харлаа, зам тавьж өгсөнгүй гэж ширэв татах залуус олон болж. Харин Чингис хаан “дайсан гэх” этгээдийнхээ дайсагнах сэдлийг өөртөө нөхөр болгож үйл хэргийнхээ төлөө үнэнч хамтран зүтгэх эвтэн болгож чадаж байсан. Энд л бидний өвгөдийн, Монгол гүн ухааны цараа явж байсан. Бодол богширгон, үг цэвчиргэн ард түмний язгуур өндөр үр сад нь эрх дарх, удам угсаагаараа, уралдах бус мэдлэг чадвар, чин сэтгэл, зөв итгэл үнэмшлээр энэ улсыг чухам улс шиг улс болгон босгох цаг иржээ.

Үүний тулд залуус, хойч үе маань эрдэм сурч, мэндлэх хүндлэх, бие биенийгээ мөн чанараар нь хайрлах, хэлбэрээс илүүд агуулгад ач холбогдол өгөх учиртай. 

 Амжилт гэдэг бол хүрэх цэг биш, үргэлжлэх үйл явцад сэтгэл тэнэгэр амьдрах ухаан. 

Чу мэргэн, Чань Чун бумба гээд том мэргэд Монголын газар нутагт ирж бидний өвөг дээдэст эрдэм номын утгыг хуваалцаж байсан. Тэднийг урьж байсан ухаан нь монгол ухаан юм. Мөнх хааны өргөөнд бүх л шашны томчууд цуглаад ном хаялцаж байсан. Өдгөө шашнаас үүдэлтэй дайн тасраагүй 21 дүгээр зууны өндөрлөгөөс 1253 оныг эргэн харахад гайхалтай. Дэлхийн түүхийг оюун ухаан, удирдахуйн ухаан, ертөнцийн үнэнийг таньж шударгыг бэхлэх гэж эрмэлзэж байсан ард түмэн бидний дээдэс бүтээлцсэн. 

Тэдний үргэлжлэл мөн л юм бол бид олон жил мартагдсан “монгол сэтгэлгээгээ” зөвөөр таних цаг нь болжээ. Хайх хэрэггүй, таньж, санаж сэрэх л цаг. Луугар өвгөчүүл, ухаант эмгэдийн цадиг түүхийг бүү умартагтун. Одоо бүгдээрээ сэтгэлийн хөдлөлөөр биш, хоосон цэцэрхлээр биш, зүгээр л хөлсөө урсгаж, шүд зууж, тэсэж, өөрсдийгөө таньж, сорьж, сэтгэж, дэлхийтэй уралдаж хөгжих цаг ирсэн. Амар хялбар зам байхгүй.

Хөгжлийн хөнгөн шингэн жим гэж байхгүй. Бүгд л хөлс урсгаж байж, үнэнг туулж байж Монгол босно. Бас хэн нэгэн нь бидэнд тэр хаалгыг нээж өгөхгүй, аль нэгэн дарга ч тэрийг төгс хийхгүй. Сайхан амьдарч чадахгүйн төлөө бусдад гомдоллоно гэдэг тэжээвэр амьтны зан. Харин шударга ёсыг нэх, үнэнийг шаард. Хариуцлагыг сануул.  

Зүгээр л өөрсдөө өөрсдөдөө итгээд үзэх цаг болсон. Эс чадвал цаг хугацаа биднийг хүлээхгүй. Амжилт гэдэг бол хүрэх цэг биш, үргэлжлэх үйл явцад сэтгэл тэнэгэр амьдрах ухаан. Монголын амжилт зөвхөн биднээс л шалтгаална.

Өгүүллийг С.Эрдэнэболд