ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цэцэгбал: Хужиртын рашаан, шавар нурууны өвчинд онцгой сайн

Б.Ану
2015 оны 10 сарын 5
iKon.MN

Өнөө үед нуруу нь өвддөггүй хүн олоод ир гэвэл бараг байхгүй мэт болсон гэлтэй.

Бидний амьдралын хэв маяг, байнгын суугаа ажил, гараад машинаар зорчих гэх мэт хөдөлгөөний дутагдал, болон их хотын стресс энэхүү нурууны өвчлөлийн гол хүчин зүйл болдог байна. Харин халуун шавар, рашаан эмчилгээгээр нуруу, үе мөч болоод болоод бусад архаг хууч өвчнийг анагаах боломжтой гэх талаар Улаанбаатар хотоос 380 км-ын зайд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах “Сэмжид Хужирт” рашаан сувиллын их эмч О.Цэцэгбалтай ярилцлаа.


 

- “Сэмжид Хужирт” рашаан сувилал өргөтгөл хийж, жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой болсон таатай мэдээ сонслоо. Энэ талаар тодруулаач.

- Манай рашаан сувилал 2003 онд байгуулагдсан.

10 жилийн хугацаанд зөвхөн зуны улиралд ажилладаг байсан. Харин өнгөрсөн жилээс өргөтгөл хийж, энэ оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахаар болоод байна. Манайд хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ ирж, амарч сувиллуулдаг. Чимээ аниргүй, тайван орчинтойгоос гадна манай сувиллын хамгийн чухал давуу тал нь өдөр бүр эмчилгээ, сувилгаа явагддаг.

Цаг заваа гаргаад зориод ирсэн хүмүүсийг цаг алдуулахгүйн тулд манай эмч, сувилагч нар хагас, бүтэн сайнгүй ажилладаг.

- Өвөрхангайн Хужиртын сувиллуудыг хүмүүс андахгүй мэднэ. Харин танай сувиллын эмчилгээ юугаараа ялгагдах вэ? Ямар ямар өвчнүүдэд сайн бэ?

- Мэдээж өдөр бүр эмчилгээ хийдэг нь гол давуу тал.

Нэг дор олон хүн авдаггүй учир эмчилгээ, үйлчилгээгээ сувилуулагчиддаа хүргэж чаддаг. Хүнсэндээ үхрийн шинэ мах, үнээний цэвэр сүү хэрэглэдэг. Байгалийн халуун рашааны худагт сувиллуулагчдаа оруулдаг гэх мэт давуу талуудтай. Мөн физик эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал зэрэг уламжлалт эмчилгээ нэмэлт төлбөргүйгээр хавсарч хийгддэг.

Манайх саа, саажилт, нойргүйдэл, ядаргаа, шээс задгайрах, цистит,  хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн үргүйдэл, түрүү булчирхайн үрэвсэл олон өвчнүүдийг эмчилж байна.

Зах дээр олон жил зогсож даарсан хүмүүс, хүйтэн нойтонд ажилладаг уурхайн ажилчид, хүнд машин механизмийн жолоочид зэрэг хүнд хүчир ажил хийдэг хүмүүс даарснаас үүдэлтэй царцанги зэрэг өвчтэй болсон байдаг. Энэ бүгдэд маш сайн.

 

- Ер нь ямар насныхан зонхилон хандан ирдэг вэ?

- Улаанбаатар хот, хорин нэгэн аймгаас, гадаадад ажиллаж амьдардаг залуучууд, залуу гэр бүлүүд, хүүхдүүд сүүлийн үед маш их ирэх болсон.

Мэдээж настай улсууд ирэлгүй л яахав. Хуучин бол сувилал гэхээр настай хүмүүсийн очдог газар гэсэн ойлголт байсан. Одоо бол тийм биш. 

- Залуу хүмүүс ирэх болсон шалтгаан нь юу вэ?

- Нэгдүгээрт залуучууд эрүүл мэнддээ маш их анхаарч хотын стресс, нервээс хэд хоног ч болов  холдохыг хүсдэг болжээ.

Хоёрдугаарт өвчлөл залуужиж байна. Нурууны асуудалтай хүмүүс маш их ирдэг. Нуруу, нугасны  өвчлөл  хорин нас хүрээгүй хүүхдүүдэд ч их тохиолдох боллоо.  Бидний аав ээжийн үед нуруу өвдөх гэдэг настай хүний хэлдэг зовиур байсан.

Өнөөгийн нийгэм маань хүнийг үргэлж сандал дээр  суухыг шаардаж байна. Ажил дээрээ сууна, гараад машиндаа сууна. Хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин нуруу өвдөх үндсэн шалтгаан болдог. 

 

- Нурууны өвчлөлийн талаар жаахан тодруулъя. Нурууны бүх төрлийн өвчнийг халуун рашаан, шавраар эмчилж болох уу?

- Болно. Нурууны тухайд онцгойлон авч үзээд байгаа нь энэ өвчин бараг хүн бүрт тохиолдох боллоо.

Нэгэнт хүндрүүлчихсэн тохиолдолд эмчлэх зардал асар өндөр.  Нурууны хагалгаа дотооддоо  хийлгэхэд дунджаар гуч орчим сая төгрөг байдаг. Гадаадад хагалгаа хийлгэвэл бүр талийж өгнө. Уг нь хагалгаа хийлгэх чинь эцсийн шат шүү дээ. Манайд бол зарим эмнэлгүүд шууд л хагалгаанд оруулна гэх хандлагатай байна.

Нурууны өвчин их олон үе шаттай байдаг.  Заавал хагалгаа хийх шаардлагагүй байхад хагалгаа хийлгэчихсэн олон тохиолдлууд манайд ирдэг л дээ. Хэдий хагалгаа хийлгэсэн ч гам алдаснаас дахих, үрэвсэх тохиолдол их байдаг. Тиймээс уг нь хагалгаа хийлгэх зардлаас зуу дахин бага үнээр манайд яваад илаарших боломжтой юм.

Халуун, рашаан шавар хүний биед хэрэгтэй зүйлүүдийг дулаанаар дамжуулж тэжээснээр эд эсүүдийг нь сэргээж өгдөг. Хүний бие бол ямар ч эм, тарианаас илүү өөрийгөө хамгаалах тогтолцоотой. Тэр хамгаалалтыг сэргээдэг нь шавар эмчилгээний онцлог.

Нэг курс  эмчилгээ жилээ даадаг. Курс гэдэг дунджаар 10 хоног. Нуруу нь өвддөг хүн эмчилгээ хийлгэсэн бол бүтэн жил өвдөхгүй гэсэн үг. Харин жилийн дараагаас өвдөж эхэлнэ. Үүнийг хүмүүс бие маань шавраа нэхээд байна гэж ярьдаг. Өмнө хийлгэсэн эмчилгээгээ нэхэж  дараагийн эмчилгээг хийлгэх шаардлагатай болсныг тухайн хүний бие организм хэлж байгаа юм.

Товчхондоо шавар эмчилгээнд гурван жил дараалан явж цогц эмчилгээ болгож чадсан тохиолдолд урт хугацааны үр дүн үзүүлнэ.

- Үе мөчний эмчилгээний талаар дэлгэрүүлье. Настай хүмүүст ихэвчлэн тохиолддог энэ өвчин ямар эмчилгээ хийгддэг, үр дүн хэр байдаг талаар ярихгүй юу?

- Үе мөчний өвчин залуу хүнд ч элбэг тохиолддог.  Халуун рашаан, шаварт маш их кальци, эрдэс бодис агуулагдаж хүний биед дутагдаж буй  эрдэс бодисыг нөхдөг. Шавраар ясны сийрэгжилтийг ч эмчилдэг.

- Мөн үргүйдлийн талаар товч дурдаад орхисон байгаа. Энэ олон хүний сонирхож буй сэдэв байх. Хэрхэн, яаж эмчилдэг талаар мэдээлэл өгөөч.

- Хужиртын рашаан сувиллаар эмчлүүлээд хүүхэдтэй болсон хүмүүс олон байдаг.

Бидний амьдарч буй орчин, хэв маяг, идэж, өмсч байгаа зүйлсээс үүдсэн үргүйдэл нас харгалзахгүй тохиолдож байна. Үр суулгах мөн л өндөр зардалтай, цаг хугацаа шаардсан ажил.  Хүмүүс 40 хүртлээ заавал үр суулгуулах гэж яарах хэрэггүй. Харин шавар, рашаан гэсэн эрсдэл багатай эмчилгээгээр эд эсийг сэргээж үзэх хэрэгтэй.

Гол төлөв эхнэр нөхөр хоёр хоёулаа ирэхэд илүү үр дүнтэй байна.  

 

- Үргүйдлийн шалтгаан янз бүр байгаа шүү дээ. Таны хэлдгээр гадны зүйлс нөлөөлнө. Мөн  өвчнөөс үүдсэн байдаг. Тэгэхээр ямар ч шалтгаантай байсан эмчлэгдэх боломжтой юу?

- Үргүйдэлтэй эмэгтэйчүүд оношоо маш сайн тодруулсан байдаг.

Манайд ихэвчлэн үрийн суваг битүүрэлтэй хүмүүс ирдэг. Өндгөвч, сав хоёрыг холбосон суваг  битүүрсэн тохиолдолд жирэмсэн болдоггүй.

Эр бэлгийн эс чөлөөтэй нэвтрэх тэр замыг нээхэд шавар эмчилгээ маш сайн үр дүнтэй.

- Уламжлалт эмчилгээ хийдэг үү?  Рашаан, шавартай хэр зохицдог вэ?

- Хамгийн сайн зохицдог.

Рашаан шавар өөрөө уламжлалт эмчилгээ юм. Манайх зүү төөнүүр, бариа засал, хануур самнуур эмчилгээг хийдэг.  Хүмүүс нойргүйдэлд их өртөж байна.  Халуун рашаанд ороод, төөнүүр хийлгэхэд ядаргаа тайлагдаж, нойргүйдэл эмчлэгддэг.

- Үргүйдлийн шалтгаанаар хэдээс хэдэн насны хүмүүс ханддаг вэ?

- 21-45 насныхан ирж, эмчлүүлдэг.

- Хүмүүс эмчилгээнээс гадна орчин, ая тух, хоол хүнсийг их чухалчилдаг?

- Тэгэлгүй яахав. Эмчлүүлэхээс гадна эрүүлжих орчин нөхцөл чухал байдаг.

Тиймээс бид хоол ундандаа тодорхой стандарт тогтоож үхрийн шинэ махаар хоолоо бэлдэж, үйлчлүүлэгчддээ сүү, тараг түлхүү өгдөг.

- Хүмүүс танай сувиллын мэдээллийг хаанаас авч ирдэг вэ ихэнхдээ?

- Эрүүл мэндийн салбар, ялангуяа сувилал маш онцлогтой. 

Бараа зарж байгаа юм шиг, эсвэл хоолны газар шиг рекламдаад төдийлөн үр дүнд хүрэхгүй. Биеэ эмчлүүлэнгээ гэр бүлээрээ амрах шийдвэрийг хүмүүс сүр сар гээд гаргачихдаггүй. Заавал манайд амарсан хүнээс сонсож байж ирдэг.   

Та дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл 88021191, 70325969, 99852335 гэсэн утсаар холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.