Нийслэлийн замын түгжрэлийг багасгах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор баригдаж буй Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт болох дөрвөн блокийн 6,375 автомашины зогсоол ашиглалтад орж, өнгөрөгч ням гарагт нээлтээ хийсэн юм. Авто худалдааны цогцолборыг тойрсон зарим асуудлаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагаас тодрууллаа.
-Нийслэлчүүдэд томоохон хүлээлтийг үүсгээд байсан Авто цогцолборын эхний ээлж ашиглалтад орлоо. Одоогоор хэчнээн иргэн хэдэн автомашины зогсоолыг худалдан аваад байна бэ?
-Цогцолборын төслийг 2014 оны тавдугаар сард худалдаа эрхлэгчдэд танилцуулж захиалгаа авч эхэлсэн. Одгоогоор 400 иргэн 1,200 автомашины зогсоолыг худалдаж авсан байна. Ашиглалтад орвол авна гэж захиалга өгсөн хүмүүс мөн олон байгаа.
-Нэг машины зогсоолыг дөрвөн саяар худалдаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ, энэ дөрвөн сая гэдэг үнийг НИТХ-аас тогтоож өгсөн. Үүнд бүх татвар, даатгал, шимтгэлийг суулгасан байгаа. Мөн зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ нь худалдаалагч нарт шилжиж очно. Тэгэхээр худалдаалагч одоо зогсож байгаа талбайнхаа гурван жилийн түрээсийн мөнгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр өөрийн ажлын байр, үл хөдлөх хөрөнгийг өмчилж авч байна гэсэн үг.
Нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг.
Уг нь, нэг зогсоолын өртөг нь зарагдаж байгаа үнээсээ 2-3 дахин өндөр үнээр боссон. Гэхдээ нийслэлээс зарим цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгын газрыг дуудлага худалдаанд оруулах болон бусад эх үүсвэрүүдээс гаргаснаар энэ зогсоолын өртгийг бууруулсан юм.
-Авто машины худалдаа эрхлэгчид нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэднийг хэзээ нүүлгэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг. Үүний ихэнх нь зөвшөөрөлгүй, стандарт бус газар. Тухайлбал, цэцэрлэгийн орчимд, дэлгүүр хоршооны хашаанд зэрэг олны хөлийн, зориулалтын бус талбайд автомашин худалддаг цэгүүд ч байдаг. Тиймээс эхний ээлжинд зөвшөөрөлгүй цэгүүдийг цөөлж, 102 болгоод байна.
Авто худалдааны цогцолбор ашиглалтад орсноор “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсооно. Нүүх тухай албан бичгийг бүх захын удирдлагуудад хүргүүлсэн. Харин энэ шилжилт хөдөлгөөний тухай асуудлыг би мэдэхгүй. Би бол тав тухтай ажлын байр, бий болгож, цогцолборыг барьж гүйцэтгэх л үүрэг хүлээсэн хүн.
-Авто худалдааны цогцолбор хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
-Цогцолбор маань хотоос 20 км-ын зайд 130 га газарт баригдаж байна. Бүрэн ашиглалтад орох үедээ барилга, уул уурхай гэх мэт чиглэл чиглэлийн зориулалтын үзэсгэлэнгийн танхим болох юм. Нийт 15 обьект барина. Үүний 12 нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана. Одоогоор есөн газрыг аж ахуйн нэгжүүд худалдаад авчихсан зураг төслийн ажлаа эхлүүлээд явж байна.
-Үйл ажиллагаагаа эхэлсэн хойно худалдаа эрхлэгчдэд ямар нэгэн татварын дарамт ирэх юм биш биз гэсэн болгоомжлол ч нийгэмд үүсээд байна. Энэ талаар тодруулаач?
-Энэ цогцолбор өөрөө ашгийн бус. Өөрөөр хэлбэл, нийслэлд төвлөрөөд байгаа хүн амын төвлөрлийг багасгах төслийн нэг хэлбэр юм. Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослыг бууруулах, дээр нь давхар түрээсийн асуудлыг арилгах гэх мэтчилэн олон сайн талтай.
Мөн үйл ажиллагаа явуулахдаа ашиглалтын зардал гэж нэг зогсоолоос сар бүр 15 мянган төгрөг хурааж авахаар болсон. Энэ нь юунд зарцуулагдах вэ гэхээр борлуулах гэж буй машины бүрэн бүтэн байдал алдагдах буюу сэв зураас гарсан бол бид хариуцлагыг нь хүлээх юм.
-Автохудалдааны цогцолборыг Улаанбаатар хотын хамгийн хүйтэн газарт баригдсан гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ тал дээр судалгаа хийсэн юм болов уу?
-Манайхан хэт туйлширдаг юм шиг санагддаг. Баянзүрх уулын бэлд дулаахан, Сонгино уулын бэлд хүйтэн гэдэг. Бид авто машины захуудыг дөрвөн уулын дундаас гаргах гэсэнгүй. Дархадын хотгорт аваачих гээгүй. “Туул гарден” гэх мэт үнэтэй хотхонууд бүгд л Туул голын захад байгаа. Голын хажууд хүн амьдарч болдоггүй юм бол Монголын хамгийн үнэтэй хотхон, хаусууд бүгд л Туул голын хаяанд баригдаад, хүмүүс амьдарч байна шүү дээ.
Мэдээж Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтыг дагаад барилга байгууламж баригдана. Одоо ч байгаа. Хотын ерөнхий төлөвлөгөөний томоохон орон сууцны хороолол манай хажууд баригдахаар нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдсан.
Эхний хөрөнгө оруулалт хийгдэх хамгийн том хоёр төслийнх нь нэг манай хажууд босох гэж байна. Эдгээр барилга босоод ирвэл салхийг нь халхална биз дээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тун удахгүй томоохон дүүрэг, бизнесийн төв болно.
-Авто худалдааны цогцолбор руу автобус үнэгүй явна гэсэн үү?
-Энэ долоо хоногийн хугацаанд зургаан цэгээс автобус үнэгүй явна. Шархад, Ботаник, Нисэх, Яармаг, Долоон буудал, Чингисийн талбай гэсэн зургаан цэгээс Авто худалдааны цогцолбор руу автобус үнэгүй явна. Цаашдаа шугамууд тогтмол нэмэгдээд явах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|