МАХН гэх нэрийг хадгалж улс төрд шударга ёсыг тогтоох амлалт өгсөн МАХН, түүнийг түшиглэсэн МҮАН-ын эвдрэл өнгөрөгч долоо хоногт олонд ил болов. Өөрөөр хэлбэл, улс төрийн хэсэгхэн зуурын эрх ашгийн төлөө нэгдэж, албан тушаалын төлөөх эх адаггүй шуналд автсан “Шударга ёс” эвсэл 2016 оны сонгуулийн дуулианаар зам замаа хөөх нь цаг хугацааны л асуудал болжээ.
Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн үгээр нотолж, МҮАН-ын дарга М.Энхсайхан мэдэгдлээрээ бүр нотолж өгөв. Намбарын хүүг М.Энхсайхан анх түшихдээ УИХ-д сонгогдсон гишүүдээ сул байлгахыг хүсээгүй учраас бүлэг болгох зорилгоор нэгдсэн. Мөн Н.Энхбаярын нөлөөгөөр эрх баригчдад шахалт үзүүлж албан тушаалд хүрэхийг санаархаж түүндээ ч хүрч чадсан билээ.
Монгол Улсын сайд гэх бэлэг тэмдэг төдий албан тушаалд М.Энхсайхан очсон. Гэвч Н.Энхбаярын нэр нөлөөг ашигласныхаа хариуг өнөөдөр М.Энхсайхан төлөхөд хүрчээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮАН-ыг ирэх сонгуульд МАХН-ын нөлөөн дор сонгуульд оролцох, мөн Тавантолгойн төсөл дээр М.Энхсайханыг байр сууриа өөрчлөхийг тулгасан гэдгээ намынхаа анхан шатны уулзалтын үеэр ил тод хэлсэн.
Бүр хоёрхон гишүүнтэй МҮАН-д хөтлөгдөж, өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй намын гишүүдээ зад загнасан гэх хов жив саарал ордноор тэнэх болов. Харин М.Энхсайхан Тавантолгой дээр өөрийн байр сууриа хамгаалах, намынхаа нэр хүндийг МАХН-ын нөлөөнд орж алдахыг хүсэхгүй гэдгээ ил шулуухан хэлснээр тэд зөрчилдөж эхэлсэн аж.
Үүнд нь бухимдсан Н.Энхбаяр намынхаа асуудлаас хальж М.Энхсайханыг намын даргаасаа буулга гэсэн лүндэнг МҮАН-ын нэр бүхий гишүүдэд зарлигджээ. Энэ хэнээрхэл нь М.Энхсайханы хилэнг хөдөлгөсөн нь тодорхой. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнд амбийц, нэр хүндээ эцсийн мөч хүртэл хамгаалах хор шар байгаа нь дамжиггүй.
Тиймдээ ч гурван жилийн нөхөрлөлөө өнөөдөр, эсвэл маргааш эцэслэх нь нэгэнт тодорхой болоод байна. М.Энхсайхан сайд үүнийгээ өөрийн мэдэгдлээр тодорхой болгосон. Тэрбээр, “Шударга ёс эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан.
Гэхдээ улс орноо зөв замд гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авилгалыг хамгаалж, том төслүүдээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ бол миний хэмжээнээс хэтэрсэн асуудал юм” хэмээн мэдэгдэл хийсэн билээ.
Хамгийн сонирхолтой нь улс төрийн нэгэн том эвсэл задрахад хүмүүс харамсах биш харин ч баярлаж хүлээж авч байгаа нь ажиглагдах болов. Эвсэл задарсан тохиолдолд Засгийн газрын хувь заяанд өөрчлөлт орох нь тодорхой байгаа. Улс төрийн хэрүүл маргаан ч даамжирна. Энэ бүхэн мэдээж иргэдийн хувьд хүнд тусна.
Гэвч иргэд эвсэл тараасай, энэ хоёр нам салаасай гэж туйлаас хүсч байгаа нь ажиглагдаж байна. Чухам яагаад тэд ингэтлээ хүсч байгаагийн шалтгаан тун тодорхой байна. “Шударга ёс” эвслээс УИХ-д сууж байгаа 10 гишүүн Монгол Улсын эрх ашгийн төлөө юу хийсэн юм бэ. Тэд 2012 онд амлаж байсан олон зуун амлалтынхаа өчүүхэн хэсгийг ч болов биелүүлж чадсан уу гэдэг асуулт л эвсэл тараасай гэж хүсэх шалтгаан болж байна.
Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар хямдхан улс төр хийснийг та бид харсан. Нэг хүнийг тахин шүтсэн хямдхан улстөрчидтэй, хямдхан намуудын нэгдэл гэдгээ харуулсан. Нэг хүний төлөө юу ч хийж чадна гэдгээ тэд харуулсаар. Бүр ичих нүүрээ элгэндээ наасан хүмүүст бид өдөр болгон доромжлуулж байна. Н.Энхбаярын төлөө ямар ч хорыг хүлээн зөвшөөрч, түүний төлөө үхэн хатан тэмцэхээ баталсан. Улс төрд суулгасан “утсан хүүхэлдэй” нарынхаа буянаар Н.Энхбаяр төрөөр хангалттай тоглосныг ард түмэн мэддэг болсон.
Монгол төрийн ажлыг Солонгосоос хийдэг болсон уу гэх Ц.Нямдорж гишүүний бухимдал үнэн байсныг бид харлаа, үзлээ. Таван хувьсгалаа тавхан сайдын суудлаар сольсон гэсэн Г.Уянга гишүүний шүүмжлэл чухам үнэнийг цөөхөн үгээр хэлсэн хэрэг байлаа. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бол Монголын улс төрд шантааж, хор найруулах, нэг хүнийг тахин шүтэх, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэх, албан тушаалын төлөө арчаагаа алдан зүтгэдэг хамгийн муу муухай, бүтэхгүй зүйлсийн тод жишээ болж үлдэх нь.
Тиймээс ч эвсэл тараасай гэж өөрийн эрхгүй бодоход хүргэж байгаа юм. МАХН анхнаасаа нэг хүний нам гэдэг нь тодорхой байсан. Энэ намд орж ирсэн хүн бүхэн л албан тушаалын төлөө, аль эсвэл тойрог авахын тулд орж ирдэг гэдгийг өнгөрсөн 2012 оны сонгууль харуулсан. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ийм замаар л улс төрд суусныг мартаж болохгүй. С.Жавхлан ч тойрог авахын тулд л МАХН-д элсч байсан гэдгээ хэлж байлаа.
Одоо ч МАН, АН-д гологдсон хүмүүс МАХН-ыг түшихээр бэлтгэлээ базааж байгаа. Боловсон хүчний ямар ч чадавхигүй гэдгээ тэд сайдын суудалд суулгасан цөөхөн хэдхэн хүнээр харуулчихлаа. Хэсгийн байцаагч, анагаахын дунд төгссөн чадваргүй хүнийг бүхэл бүтэн сайдын суудалд суулгаж төрийн албаны өндөр босгыг үгүй хийлээ. Нөгөө сайд нар нь төрийн албыг төрлийн алба болгох ажлаа амжилттай хийж яваа сурагтай.
Бүх чадвартай боловсон хүчнийг суудлаас нь буулгаж өөрийнхөө хамгаалагчийг хүртэл хэлтэс, агентлагийн даргаар суулгаж монгол төрийг гутааж байна. Гутамшиг гэхээс өөр яалтай.
Шударга ёс гэж ярьдаг атлаа хамгийн шударга бус зүйлийг хийж яваа энэ 10 хүн дотор шударга үнэнийг хайдаг, түүнд хүрэх гэж тэмүүлдэг хүн байгаа гэж найдъя. Таван хувьсгалаа хийж чадахгүй байгаа тэдний үнэн мөнийг ил тод хэлээд өгөөч, Г.Уянга гишүүн ээ.
Монгол төрд та шударга ёсны төлөө орж ирсэн. Нэг хүнийг тахин шүтэх үзлээр өвчилсөн хэсэг бүлэг утсан хүүхэлдэйнүүдэд жинтэй хариу бариач, М.Энхсайхан сайд аа. Та эх орны хөгжил, ард түмний эрх ашгийг урдаа тавина гэж Засгийн газарт ажиллаж байгаа бус уу. Намынхаа даргад дарамтлуулж, нэг суудлаар амаа хамхиж, дэмий л дотроо тэлчилж буй шударга гишүүд энэ эвсэл дотор байгаа бол одоо л үгээ хэлэх цаг нь болсон юм биш үү.
Эвсэл задрах гэж байна. Энэ үйл явц идэвхжиж байгааг намын дарга нарын зөрчил харуулж байна. Ийм цаг үед л шударга ёсыг эрж, шударга хүмүүс дуу хоолойгоо гаргамаар байгаа юм даа. Ингэж байж л бид нэг хүнээр бамбай хийсэн мэдлэггүй, пропорциональ системийн алдаанаас ангижрах учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|