Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон. Энэ талаар ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн төвийн дэд дарга П.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа
-Өршөөлийн хуультай холбоотойгоор эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээх ажил хэр очертой байна. Иргэд өглөө эрт 07.00 цагаас эхлэн очерлож байгаа гэх юм?
-Өршөөл үзүүлэх хуульд заасны дагуу, хууль үйлчлэх хугацаанд хамаарагдах жолооч нарт үйлчилж байна.
Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө эрхээ хасуулсан иргэд өршөөлд хамрагдаж байгаа. Иргэдийн дарааллыг олсоор хязгаарлаж, манай алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна. Уг нь нэг дор ингэж их ачаалал үүсгэх шаардлага байхгүй.
Учир нь цаг хугацаа заагаагүй. Иргэдэд хандаж хэлэхэд цаг заваа үрэн байж, энд ирж бухимдахгүйгээр өөрийнхөө завтай үед ирж, үйлчлүүлэх боломж бүрэн нээлттэй гэдгийг хэлмээр байна.
-Лицензийн төв утасгасан цагаар ажиллаж байгаа гэсэн. Хэдээс хэдэн цагийн хооронд эрх сэргээх ажиллагааг явуулж байгаа вэ?
-Манайх өглөө 08.00 цагаас орой 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. 19.00 цагаас хойш өдөр нь хандсан иргэдийнхээ материалуудтай танилцаж, эрх сэргээх ажиллагааг үдшийн 23.00 цаг хүртэл явуулж байгаа. Манай төвийн 40 хүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
-Жолооч нар заавал Лицензийн төвөөр дамжуулж эрхээ сэргээлгэх ёстой юм уу. Хөдөө орон нутгийн иргэд хаана хандаж эрхээ сэргээлгэх үү?
-Хэрвээ тухайн иргэн нийслэлд харьяалалтай бол заавал ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд хандаж эрхээ сэргээлгэнэ. Харин орон нутгийн харьяалалтай бол орон нутгийн цагдаагийн байгууллага нь эрх сэргээх асуудлыг авч шийдвэрлэж байгаа.
-Жолоодох эрхийн үнэмлэхийг хэдий хугацааны дараа олгож байгаа вэ?
-Эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа иргэдийн эрхийг сэргээгээд, түр зөвшөөрөл олгож байгаа. Энэ нь үнэмлэхээ хэвлэгдэх хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ жолоодож болох бичиг баримт олгож байна гэсэн үг.
Хэрвээ тухайн жолооч түр үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох юм бол мөрдөгдөж байгаа шинэ хуулиараа торгуулийн арга хэмжээ авна гэдгийг анхаарах нь зүйтэй.
-Эрхээ сэргээлгэх жолооч ямар бичиг баримт бүрдүүлж ирэх ёстой вэ?
-2014 оны аравдугаар сарын 01-нээс өмнө хасуулсан бол иргэний үнэмлэхтэйгээ ирээд эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авч болно. Харин 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш эрхээ хасуулсан бол иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний 12,500 төгрөг банкинд тушаасан баримттайгаа ирээд эрхээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж байна.
-Эрхээ хасуулсан жолооч нарын ихэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад эрхээ хасуулсан гэсэн. Яг тодорхой тоон мэдээлэл байна уу?
-Захиргааны зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч улсын хэмжээнд 80,201 байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан 79,167 жолооч байгаа юм.
Шинээр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар л өршөөл үзүүлж байгаа учраас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон байсан ч хамаагүй эрхийг нь сэргээхээс өөр аргагүй байхгүй.
-Өршөөлд хамрагдаж эрхээ сэргээлгэчихээд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ямар хариуцлага оноох бол?
-Шинээр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Тодруулбал хуулийн 27.1-т “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасан. Мөн 27.4-т “Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|