Бельги улсын Антверпен хотноо зохион байгуулж буй Олон Улсын Хатуу Хог Хаягдлын Ассоциацийн хуралд НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Оюун оролцож үг хэллээ.
НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөр /БОХ/ болон Олон Улсын хатуу хог хаягдлын Ассоциац хамтран “Дэлхийн хог хаягдлын менежментийн төлөв байдлын тайлан”-г анх удаа гаргажээ. Тайланд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг санал болгож байгаа юм.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун “Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх технологийн хүчин чадал бидэнд бий боловч дэлхийн нийт хүн амын гурван тэрбум орчим нь хог хаягдлаа системчилсэн хяналттайгаар зайлуулах боломжоор хангагдаж чадаагүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Улс орнууд энэ салбарт идэвхтэй бодлого баримталж хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулалтыг дэмжих үүрэгтэй Засгийн газрын байгууллага бий болгон ажиллуулсан цагт л асуудлыг шийдэж чадна” гэж үзэж байгаагаа тус хурал дээр хэлсэн үгэндээ онцолсон.
Харин НҮБ-ын БОХ-ийн Гүйцэтгэх захирал Аким Штайнер "Дэлхийн хог хаягдлын асуудлыг шийдэх нь зөвхөн эрүүл мэнд хийгээд байгаль орчныг хамгаалах агуулгаараа ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болж чадах юм. Өнөөгийн байдлаар хог хаягдлын зөв менежмент хэрэгжүүлээгүйн улмаас 5-10 дахин илүү хөрөнгө зарцуулж байна. Улс орнууд 3R-н хэрэглээг системчилэн нэвтрүүлж эхэлвэл хог хаягдлын асуудлыг эдийн засгийн нөөц болгон хувиргаж болох юм. Тайланд дурьдсан дэлхийг хог хаягдлын менежментийн зорилтуудыг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг үлэмж багасган олон мянган ногоон ажлын байр бий болгож эдийн засгийн үр ашгийг ихээр нэмэгдүүлнэ. Ингэснээрээ бид Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх маш том алхам хийж чадна гэж үзэж байна" гэсэн байна.
Олон Улсын Хатуу Хог Хаягдлын Ассоциацийн хурал нь 2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ээлжит чуулган болон удахгүй Парис хотноо зохион байгууллагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 21-р Бага Хурлын өмнө зохион байгуулагдаж байгаа нь дэлхийн улс орнуудын удирдагчдад энэхүү хурлаас гарсан үр дүнг мэдээллэх зорилгыг агуулж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!