Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ АЯНЧИН

FORBES MONGOLIA сэтгүүл
2015 оны 9 сарын 2
Forbes Mongolia
Зураг зураг

Энэ өдрийн ярилцлагын зочин Монголын анхны аяны сүлжээ дэлгүүр “Аянчин” дэлгүүрийн үүсгэн байгуулагч хатагтай Г.Мандах.

Ажлын цаг дууссан ч ярилцлагын эзэнтэйгээ уулзахаар бид Хан-Уул дүүрэгт байрлах “АЯНЧИН MEGA STORE”-ийг зорилоо. Аялал жуулчлалын улирал эхэлж энэ салбарт бизнес эрхлэгч бүсгүй хэзээ хэзээнээс завгүй. Гэсэн ч Мандах бидэнд зав гаргаж түүний бизнес, ажил амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.

Мандах өөрөө аялах дуртай. Түүний нөхөр Жон загасчлах хоббитой, тиймээс гэр бүлээрээ хөдөө нутгаар аялж байх үеэсээ л Монголд аяны хэрэгсэл дутмаг байгааг анзаарч өөрсдийн гэсэн жижиг дэлгүүрийг нээх санаа төрcөн гэдэг. Тэд 2000 онд гутлын 22 ойролцоох түрээсийн байранд аяны хэрэгслийн “Аянчин Аутфиттерс” нэртэй дэлгүүр нээж байв.

 

Харин өнөөдөр “Аянчин Аутфиттерс” дэлгүүр монголчуудад хэдийнээ танил болж, 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулан, “Аянчин Мегастор”, “Columbia” брэнд дэлгүүр 1,2,3, “Mountain Hardwear” гэх томоохон салбар дэлгүүрүүдийг нээж, дэлхийд танигдсан өндөр чанартай брэнд бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Эгэл жирийн сэхээтэн гэр бүлээс гаралтай Мандах гурван хүүхэдтэй айлын том охин. Гэхдээ түүний эцэг эх цэцэрлэгт байхаас нь хэлний боловсрол эзэмшүүлэхээр шийдэж, бяцхан охин байхаасаа орос хэл үзэн 23-р сургуульд элсэж орсон нь өдгөө түүний амьдралд чухал нөлөө үзүүлжээ. Мандах 1998 онд МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Багаасаа гадаад хэл судалж өссөн нь түүний өнөөдрийн эрхэлж буй бизнестэй салшгүй холбоотой.

Гадаад хэл судлах сонирхолтой байсан болохоор 10 жилийн сурагч байхдаа аяллын хөтөч хийн хэлээ сайжруулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд 16 настайдаа анх одоогийн “Жуулчин” компанид туслах хөтчөөр 20 гаруй итали жуулчин хүлээн авч ажиллаж эхэлжээ. Зуныхаа амралтыг цалинтай өнгөрөөнө гэдэг тэр бүр тохиогоод байхгүй боломж,гэлээ ч хамгийн гол нь гадаад хүмүүстэй харилцаж хэлний мэдлэгээ сайжруулна гэдэг түүний хувьд илүү чухал  байж.

Мандах 23-р сургуульд суралцаж байхдаа орос хэлнээс гадна Англи хэл, Япон хэл судалж, зуныхаа амралтаар хөтчөөр ажиллаж, хэлний мэдлэгээ сайжруулсаар Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьж сурсан байна. Их сургуулийн 3-р курс хүртлээ хөтөч хийсэн нь түүний хувьд хэлний мэдлэгээ сайжруулах хангалттай туршлага болжээ.

Мандах их сургуулиа төгсөөд WAGNER ASIA компанид ажилд орсон байна.Энэ компанид орсон нь түүний хувьд амьдралын ханьтайгаа учирсан үе байлаа.Түүний нөхөр Жон монгол орны үзэсгэлэнт байгалиар аялах дуртай бөгөөд Мандахын аяллын хэрэгслийн дэлгүүр нээх санааг дэмжсэнээр энэ бизнес амжилттай эхэлжээ.

 

2000 он гэхэд Монголд аяллын хэрэгсэл майхан зардаг дэлгүүрүүд байсан хэдий ч Америкаас орж ирсэн оригинал барааны дэлгүүр байхгүй байсан болохоор худалдан авагчид бодож байснаас ч олон байж. Гэхдээ Америкаас бараа оруулж ирэхэд нөхцөл боломж тийм ч сайн байсангүй. Гаалийн татвар өндөр болохоор доллараар худалдаж авсан барааг Монголд худалдаалах нь тийм ч ашигтай байсангүй. Тиймээс аяллын хэрэгслийн томоохон брэндүүдийн албан ёсны төлөөлөгч болохоор шийджээ. Columbia брэндийн албан ёсны борлуулагч болохоор хүсэлтээ илгээсэн ч ямар нэгэн хариу ирсэнгүй. Жил болгон и мэйл бичиж хүсэлтээ илгээсэн ч тэдний хүсэлтийг хүлээн авахгүй байсан гэдэг.

Харин Мандах шантралгүй жил бүр захиа бичиж олон улсын хуралд нь оролцдог байжээ. Дэлхийн алдартай брэндийн албан ёсны төлөөлөгч болно гэдэг тийм ч амар биш, тэр тусмаа хувиараа бизнес эрхэлдэг жижиг компанийн хувьд шалгуур өндөртэй гэдгийг Мандах тийнхүү ойлгож авчээ.Шинэ брэнд бүтээгдэхүүн оруулж ирнэ гэдэг хэцүү ч Монголын зах зээл түүнийг хүлээж авахдаа сайн байдаг гэж тэрбээр ярилаа.

2010 онд АНУ-ын COLUMBIA, MOUNTAIN HARDWEAR, SOREL брэндүүдийг, 2011 онд CATERPILLAR, MERRELL, CARHARTT (ажлын хувцасны) брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютерээр сонгогдож, дэлхийн брэндүүдийг эх орондоо худалдан авч хэрэглэх боломжийг монголчуудад нээж өгсөн байна.

Мөн дэлхийд алдартай GARMIN, MAGLITE, LEATHERMAN, CARHARTT, CATERPILLAR, GEORGIA BOOTS, OLANG, KAMIK, ROCKY, PROPPER, PELICAN, IGLOO, NIKON, RUBBERMAID, MSR, SLUMBERJACK, BROWNING, THERM-A-REST зэрэг 70 гаруй шилдэг брэндийн бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж байна.

 

Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлнэ гэдэг зүгээр л нэг гадаадаас бараа импортолж байгаа мэт харагдавч түүний ард ямар их хичээл зүтгэл байдгийг тэр бүр худалдан авагчид мэдэхгүй. Албан ёсны борлуулагч байна гэдэг олон давуу талтай ч нөгөөтэйгүүр чанаргүй бараа ямар ч татваргүйгээр Монголд худалдаалагдаж байгаа нь албан ёсны борлуулагчдын хувьд сайн зүйл биш.

“Худалдан авагчид оригинал бараа дуураймал барааны ялгааг мэдэхгүйгээс хямд барааг сонгодог. Тиймээс бид манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчдээ жинхэнэ оригинал барааг ялгаж худалдаж аваасай гэж хүсдэг.

Мөн өнөөдөр бараа худалдаж авахгүй ч гэсэн дараа дахиж ирнэ гэсэн сэтгэлээр үйлчлүүлэгч нартаа ханддаг. Жижигхэн зүйлээс бизнестээ алдаа гаргахыг хүсэхгүй байна. Бүх зүйл ил тод нүд хуурсан чанаргүй үйлчилгээ байх ёсгүй” хэмээн ярих нь түүнийг олон жил бизнесээ амжилттай авч яваа ажил хэрэгч эмэгтэй болохыг илтгэнэ.

Мандах аяллын хэрэгслийн дэлгүүрийн бизнес эрхлэхээс гадна Аянчин Лодж ажиллуулдаг. Хотын төвөөс холгүй Тэрэлж цогцолборт 4 улирлын турш үйл ажиллагаа явуулдаг тансаг зэрэглэлийн амралтын газар бий. Энэ бол “Аянчин Лодж”. Монгол орны эрс тэс уур амьсгалд жилийн 4 улирал тав тух алдахгүйгээр амарч болох газрыг Монголдоо бүтээе гэсэн зорилгоор анх 2005 онд байгуулсан аж.

Мандахтай ярилцаж суухад Монгол эмэгтэйн дайчин чанар, хийж бүтээх ирмүүн хүсэл эрмэлзэл мэдрэгдэнэ. Өнөөдрийн амжилтаа улам ахиулах зорилготой тэрбээр өөрийн мөрөөдлийн том дэлгүүрээ сүндэрлүүлэх хүслээ сэтгэл дотроо тээсээр буй.

ДАШДОНДОГ БУЯНХИШИГ

Зураг