Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулав. Иймд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөлөө.
ЦУОШГ-аас осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг өгөв.
Хүйтний улмаас бие махбод болон эд эсэд учрах хөнөөлийг хөлдөлт гэнэ. Хөлдөлтийн үед ерөнхий биеийн осголт болохоос гадна биеийн ил хэсэг буюу хамар, хацар, чихний дэлдэн, эрүү, гар, хөлийн хуруу хөлддөг.
Хөлдөлт ихэвчлэн өвлийн улиралд агаарын хэм -20,-10 градусаас доош үед үүсдэг гэж үзэх боловч гадаа удаан байх, ялангуяа их чийглэг, хүчтэй салхитай үед хавар, намрын улиралд 0 градусаас дээш хэмд хөлдөх нь бий.
Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
Хүний биеийн температур 36, 37 градус байдаг бол, даарч бээрэн биеийн халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж, таталт өгөн үндсэндээ эргэшгүй процесс явж хүний амь насанд аюул учирдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!