Уншиж байна ...

Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д хураагдсан кокаины хэмжээ арав дахин өссөн тухай мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украинд дайн эхэлсэн 2022 оноос хойш Оросын эрх баригчдын хураасан кокаины хэмжээ арав дахин өссөн тухай тус улсын төв хэвлэлүүдийн нэг Известия сонин Даваа гарагт мэдээлжээ.

Тухайлбал 2023-2024 онуудад 350 тэрбум рублийн ($3.4 тэрбум) үнэ хүрэх 5.2 тонн кокаиныг ОХУ-д хууль бус замаар нэвтрүүлэх гэж байсныг хуулийн байгууллагууд хураан авсан юм байна.

Энэ нь өмнөх ижил хугацааныхаас 10 дахин өссөн үзүүлэлт ажээ.

Дайны улмаас хар тамхи тээвэрлэх зам өөрчлөгдсөнтэй энэ нь холбоотой гэнэ.

Тухайлбал Европын зах зээлд хүрэх гол хаалга болдог байсан Украины Одессын боомт дайны улмаас хаагдсан тул одоо гэмт хэргийн бүлэглэлүүд ачаагаа Оросын боомтуудад шууд хүргэдэг болсон байна.

НҮБ-ын Хар тамхи, Гэмт Хэргийн байгууллага UNDOC-ийн мэдээлснээр 2022 онд кокаины үйлдвэрлэл дэлхий дахинд 24 хувиар өсжээ.

Энэхүү илүүдэл бүтээгдэхүүн Оросын зах зээлийг шууд чиглэх болсон нь бас нэг шалтгаан гэнэ.

2024 онд Оросын эрх баригчид 3.7 тонн кокаин хураасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Үүний 1.2 тонныг нь Латин Америк, Европын картелуудаас Санкт-Петербург хотын боомтод илгээсэн  ачаанаас илэрсэн байна.

Кокаиныг ачаанд нуух арга улам нарийсаж байгаа талаар Известия мэдээлжээ. Тухайлбал жимсний дотор нуух, ялангуяа гадил жимсний дотор нуух арга түлхүү хэрэглэгдэх болсон байна. Ийм барааг тусгай хөргүүртэй чингэлэгт тээвэрлэж, гаалийн үзлэг шалгалтад бага өртдөг гэнэ.

Бас кофе, какао, шаазан эдлэл зэрэгт нуусан тохиолдлууд илэрчээ.

Гэхдээ ОХУ-д нэвтэрсэн кокаины ихэнх хэсэг Европын бусад улсууд руу нийлүүлэгддэг байна. Өөрөөр хэлбэл картелууд Оросыг дамжин өнгөрөх боомт болгон ашигладаг болжээ.

Үүний гол шалтгаан нь кокаины үнэ Оросын хэрэглэгчдэд хэт өндөр тусдагтай холбоотой гэнэ.

Жишээлбэл нэг грамм кокаины үнэ 10,000-14,000 рубль ($100-$140) болдог тул Оросын хэрэглэгчид мефедрон зэрэг хямд үнэтэй синтетик мансууруулах бодисыг илүү их хэрэглэдэг ажээ.

 

Эх сурвалж: Известия