Уншиж байна ...

Х.Булгантуяа: Трамп анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдоход дэлхийн бүх улсын санхүүгийн зах зээлд уналт үүссэн. Гэтэл ганцхан Монголд ямар ч өөрчлөлт мэдрэгдээгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2 цаг 26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалт нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж байна.

Нэр дэвшигч Нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь 1989 онд төрсөн 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд “Ард секюритиз” үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа юм байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээл бол тухайн улс орны эдийн засгийн халууны шил шиг байдаг. Төсвийн алдагдлыг тооцоход бүтэн нэг жилийн дараагаас, статистик тоон мэдээлэл хүлээх юм бол дараа оных нь зургаадугаар сараас гардаг. Гэтэл санхүүгийн зах зээл өдөр тутам байнга савлаж байдаг.

Трамп анх удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход  дэлхийн бүх улсын санхүүгийн зах зээлд уналт үүссэн. Гэтэл ганцхан Монголын санхүүгийн зах зээлд ямар ч өөрчлөлт мэдрэгдээгүй гэж тухайн үеийн Economics сэтгүүлд мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, манай санхүүгийн зах зээл хорвоо дэлхийгээс тийм их хол, хэнтэй ч холбогддоггүй, ямар ч мэдээлэлгүй байна. Монголын хэдхэн компаниуд нь гэр бүлийн эзэмшлийнх. Худлаа ярьсан хүнд эзэд нь салжээ гэвэл манай санхүүгийн зах зээл савлах байх.

Бид ийм л хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлтэй байна.

Манай Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас, бондоос гадна маш олон асуудлыг зохицуулдаг болсон. Тухайлбал, койны биржүүд, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэт эдлэл, ломбардад хяналт тавьдаг болсон. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн болон Хяналтын зөвлөлийн гишүүдэд энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс томилогдох нь бага байна" гэлээ.