Уншиж байна ...

Гринландын ерөнхий сайд: Бид Америк хүн болохыг хүсэхгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дани улсын харьяанд байдаг Гринланд арлын засаг захиргааны ерөнхий сайд өчигдөр өөрсдийгөө Америк хүн болохыг хүсэхгүй байгааг хэлсэн байна.

Тус арлыг АНУ-д нэгтгэх талаар эрчимтэй ярих болсон Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргааш ингэж хэлсэн нь анхаарал татаж байна.

Нэгдүгээр сарын эхээр Трамп хэлэхдээ Гринланд арал болон Панамын сувгийг АНУ-ын хяналтад авахын тулд цэргийн хүч хэрэглэхээс буцахгүйгээ илэрхийлж байв.

Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ тэр Гринландын нэрийг дурдаагүй ч сүүлд Цагаан ордонд ирсний дараа сэтгүүлчидтэй уулзахдаа “Гринланд бол гайхалтай сайхан нутаг. Бид түүний олон улсын аюулгүй байдлыг хангах ёстой. Ингэхэд маш их зардал гарах тул Дани улс бидэнтэй хамтарна гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ.

Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Гринландын засгийн газрын тэргүүн Муте Эдэгэ “Бид бол Гринландчууд. Бид Америкчууд болохыг хүсэхгүй. Бас Дани хүмүүс болохыг ч хүсэхгүй. Гринландын ирээдүйг Гринланд зөвхөн шийднэ. Манай улс, манай ард иргэд Гринландын хувь заяаг шийднэ” гэж мэдэгдсэн байна.

Тэр бас АНУ-ын эрх ашгийг Умард туйлын бүс нутагт хамгаалах асуудлаар Вашингтоны эрх баригчидтай ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Умард туйлын мөсөн хучлага хайлж, далайн тээврийн шинэ зам нээгдэж байгаа.

Тиймээс энэ бүс нутагт Хятад, Орос зэрэг улсуудын ашиг сонирхлын өрсөлдөөн эрчимжиж байна.

Дэлхийн хамгийн том арал Гринландын нийслэл Нүүк хот Данийн нийслэл Копенхагенаас илүү Нью-Йорк хотод ойрхон байдаг.

Тус арал нь газрын тос, эрдэс баялгийн хөндөгдөөгүй их нөөцтэй гэгддэг. Арлын баруун хойд хэсэгт АНУ-ын цэргийн бааз байрладаг юм.

“Бид АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар хамтарч ажиллаад 80 гаруй жил болж байна” гэж Эдэгэ хэлсэн нь дээрх цэргийн баазыг хэлсэн бололтой.

Тэр бас Трампын мэдэгдэл Гринландчуудын санааг зовоож байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Өчигдөр Дани улсын эрх баригчид Гринланд арлын талаар байр сууриа илэрхийлжээ.

“Мэдээж бид том хүчтэй улс нь хүссэн зүйлээ хийдэг дэлхийн дэг журмыг хүсэхгүй байна” гэж Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Гринланд арлын оршин суугчид энэ онд болох сонгуулиар эрх баригчдаа сонгох бөгөөд үүнд тусгаар тогтнолын асуудал чухал сэдэв болох төлөвтэй байгаа. Тус арлын эдийн засаг загас агнуурын аж ахуй болон Данийн засгийн газрын хуваарилсан төсөв дээр тогтдог.

Төсвөөс гадна Дани улс тус арлын шүүх засаглал, мөнгөний бодлого, гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлуудыг хариуцдаг юм.

Даваа гарагт Данийн ерөнхий сайд Метте Фредериксен сошиал хуудсандаа Трампын засаглал эхэлж байгаатай зэрэгцэн Европ тив шинэ бодит байдалд зохицох хэрэгтэй болж байгааг бичжээ.

Ингэхдээ тэр Гринланд арлын оршин суугчид ирээдүйгээ шийдэх эрхтэйг хүлээн зөвшөөрч, бас дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-тай үүсгэсэн холбоотны харилцаагаа хэвээр хадгалахын чухлыг онцолсон байна.

Маргааш нь Дани улсын хэд хэдэн улс төрийн намын удирдагчид Гринланд арлын асуудлаар байр сууриа тодорхой болгохыг ерөнхий сайддаа уриалсан юм.

Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа Ногоон Зүүнтний намын дарга Пиа Олсен Дир “Ирэх дөрвөн жил хүнд хэцүү цаг үе байхыг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

 

Эх сурвалж: AFP