Английн "Арсенал" клубийн довтлогч Кай Хаверцыг цахимаар сүрдүүлсэн 17 настай хүүг Хартфордшир хотын цагдаагийнхан саатуулжээ. Хууль сахиулах албаныхан хүүг баривчлаад удалгүй батлан даалтаар сулласан ч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн байна.
Кай Хаверцын эхнэр Софиа өөрийн инстаграм хуудсандаа амь насанд нь халдахаар сүрдүүлсэн захиаг ил болгосны дараа албаныхан арга хэмжээ авчээ.
"Арсенал" клуб Холбооны Цомын тэмцээнд "Манчестер Юнайтед" багт хожигдсоны дараа герман тоглогчийн ар гэрийг сүрдүүлсэн юм.
Өдгөө 25 настай К.Хаверц тоглолтын үндсэн цагт гоол оруулах боломжоо салхинд хийсгээд зогсохгүй торгуулийн цохилтоо алдсанд нь хөгжөөн дэмжигчид их бухимдсан аж.
Кай болон Софиа нар 2018 оноос хамтран амьдарч байгаа. Хосууд өнгөрсөн онд хуримаа хийсэн. Удалгүй Софиа бие давхар болсноо зарласан билээ.
Энэ үйл явдлын талаар "Арсенал"-ын менежер Микель Артета "Тоглогчдыг цахимаар сүрдүүлэх нь хэрээс хэтэрсэн зүйл" гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!