Азийн олимпийн зөвлөл (ОСА), Зүүн Азийн наадмыг зохион байгуулах холбоо хамтран зохион байгуулдаг Зүүн Азийн VI наадам энэ сарын 6-15-нд БНХАУ-ын Тяньжин хотод боллоо.
Дөрвөн жил тутамд болдог тус наадам 1993 онд БНХАУ-ын Шанхай хотод анх зохион байгуулагдснаас хойш Монголын тамирчид тасралтгүй оролцсоор ирсэн.
Аваргагүй ч 22 медаль хүртсэн манай тамирчид Гуамыг ардаа хийж, наймдугаар байрт оржээ.
Зүүн Азийн сүүлчийн наадам (Учир нь Азийн олимпийн зөвлөлөөс цаашид тус наадмыг Азийн өсвөр, залуучуудын тоглолт болгосон юм-д тус бүст харьяалагддаг Монгол, Япон, БНХАУ, Хонконг, Макао/Тайвань, БНСУ, БНАСАУ, Гуам гэсэн есөн орны 3000 гаруй тамирчин спортын 26 төрөлд (үүнээс 17 нь олимпийн төрөл) 262 багц медалийн төлөө өрсөлдсөв.
Манай улсаас зургадугаар наадамд спортын 17 төрөлд 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, жүдо, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага, тэквондо, үшүгийн төрөлд дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 22 медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Азийн АПГГ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ ГДашдаваа, +100 кг-д П.Бүрэнтөгс, эмэгтэйчүүдийн 63 кг-д спортын мастер АСаранзул, +78 кгд О.Жавзмаа нар хүрэл медаль хүртэв.
Ялангуяа +100 кг-ын жинд зодоглосон үндэсний бөхийн улсын арслан П.Бүрэнтөгс жүдо бөхийн төрлөөр хилийн чанадад анхны тэмцээндээ оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Уг нь Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд жүдо бөхийн тамирчдаа ихээхэн найдлага тавьж байсан ч зургаан хүрэл медальтай буцсан.
Монголын жүдо бөхийн холбоо ОУХМ ГДашдаваа, Б.Хишигбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг эс тооцвол дан залуу тамирчдаа Тяньжинд ирүүлсэн нь үүнд нөлөөлжээ. Харин БНСУ, Япон улс нэлээд хүчтэй бүрэлдэхүүнтэй десант урд хөршид бууж бүр жиндээ медальтай харьжээ.
Тяньжиний наадамд зохион байгуулагч орон БНХАУ 134 алт, 79 мөнгө, 51 хүрэл, нийт 264 медальтай багийн дүнгээр тасархай тэргүүлж, Япон 179 (47 алт+57 мөнгө+75 хүрэл), БНСУ 161 (36+51+74), Тайвань 91 (17+28+46), Хонконг 56 (10+16+30) медальтай айрагдав. Харин аваргагүй ч 22 медаль хүртсэн манай тамирчид Гуамыг ардаа хийж, наймдугаар байрт орлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!