Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Н.ГУМИЛЕВ: Хүн гүрэн, Хан улсын хоорондын анхны дайн

МОНСУДАР
2015 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Модун 203-202 онд хойд хил дээрээ дайн хийв. Тэгээд хүн-чүүдийн ураг удмын хунью, Алтайгаас хойш нутагладаг динлин аймгийнхны кюеше буюу кипчакууд, тэдний дорнод хөрш дээд Енисей мөрнөөс Ангар хүртэлх Саяаны хойд бэлд амьдарч байсан динлинчүүд, Кыргиз нуурын орчим, Баруун Монголын нутаг дэвсгэрийг эзлэн сууж байсан гэгүнь буюу кыргизүүд, үл мэдэгдэх хүн ам цайл хэмээгчдийн эзэмшлийг захиргаандаа авав. 

Модун ар талаа баталгаажуулмагц Хятадыг анхаарч эхлэв. Хятадын иргэний дайн 202 онд Ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв. Улс орон эвдрэл сүйрлээс ангижирч чадаагүй байхад нь хойд зүгээс хүн-чүүд нөмрөн орж иржээ. Тэд Маи цайзыг бүсэлсэн бөгөөд цайзын удирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. 

Хүн-чүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван 200 оны өвөл хойд Шаньсийн нийслэл Зиньян хот руу дөхөж иржээ.

Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрээр амиа хорлох ёстой, харин үүнийг хийгээгүй бол үүргээсээ урвалаа гэсэн үг аж. Иймд ван Хань Синийн хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрээр шинэ эзэндээ үнэнчээр үйлчилж эхэлжээ.

Хүн-чүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван 200 оны өвөл хойд Шаньсийн нийслэл Зиньян хот руу дөхөж иржээ. Гаозу өөрөө тэдний эсрэг цэргээ авч очсон боловч янгинасан хүйтний улмаас дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөжээ. 

Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэж, хуурамчаар ухран зугтаад хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж хятадын армийн магнайн хэсгийг Пинчэн хотоос холгүй Байдын тосгонд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Модун мориныхоо хээр, цагаан, бор, шарга гэсэн зүсээр ялгагдсан цэргийн дөрвөн хороотой байсан нь сонин юм. 

Хятадын цэрэг хүн-чүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэд долоо хоног тэссэн байна. Эцэст нь хятадын тагнуулч Модуны эхнэрт хүрч, түүнийг худалдан авч амжжээ. Тэр эхнэр «суут хүн» Гаозутай эвлэрэх хэрэгтэй, хятадын газар нутгийг авлаа ч гэсэн хүн-чүүд угаасаа тэнд амьдарч чадахгүй хэмээн нөхрөө ятгасан байна. 

Энэ санаа, бас тэгээд амалсан цагтаа нэмэлт хүч ирүүлээгүй Хань Синьд үл итгэх сэтгэл хоёр нийлээд цаашлан байлдахаа зогсоох бодлыг Модунд төрүүлжээ, тэрээр Гаозу-н цэрэгт гарц гаргахыг тушаасан байна. Хятадын цэрэг гаргаж өгсөн онгорхойгоор хүн-чүүдийн зүгт татсан нумаа чиглүүлсээр гарч гол хүчтэйгээ нэгдэв, Модун ч буцаж оджээ. Энэ нь хүн-чүүдийн томоохон аян дайны нэг байв. 

Сыма Цянийн мэдээлснээр энд хятадын арми 320 мянган цэрэгтэй байсан (энэ ч үнэн байх, юу гэвэл, энэ тоонд цэргийн үйлчилгээнийхний тоо бас ордог, тэр тусмаа бие бүрэлдэхүүний хагасаас тавны дөрөв хүртэлх нь үйлчилгээнийхэн байдаг нь дорно дахины армиудын ёс юм), харин хүн-чүүд 400,000 цэрэгтэй байсан гэдэг нь илэрхий дэврүүлсэн хэрэг мөн. Үнэндээ бол энэ 400 мянган хүн 30x40 км гэсэн зай бүхий уулын цүнхэлд багтах ёстой болно, өөрөөр хэлбэл, хүн-чүүдэд ачааны морьд байгаагүй гээд бодоход л нэг морин цэрэгт 30 ам дөрвөлжин метр газар оногдоно, тэгээд бас дунд нь хятадын отряд байж байлдаж буй гэвэл бүүр ч бага ноогдоно. Алдаатай нь тодорхой байна. 

Сыма Цянь хүнчүүдийн хүчийг 10-20 дахин хэтрүүлэн хэлсэн бололтой. Миний энэ санааг бодолцон Модуны хүч 30-40 мянган морин цэрэг байсан гэж үзвэл яагаад тэрээр найрамдах гэж бодсон бэ гэдэг нь ойлгомжтой болно, юу гэвэл, бараг 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдлаа ч гэсэн Модунаас хүчтэй байв. Гаозу, Модун нар «энх амгалан, ураг төрлийн» (бууж өгөх дипломат томьёолол) гэрээ байгуулав. 

Хятадын хааны ордон хааныхаа гүнжийг гадаадын эзлэгчид өгч, тэр эзлэгчид гэрээнд заасан тоо ёсоор жил бүр татвар илгээх үүрэг хүлээсэнд «энх амгалан, ураг төрлийн» («энх ургийн» гэсэн өөр хэллэг бас байдаг.) гэрээний агуулга оршино. Модун гүнж болон өргөлийг хүлээн авсан боловч Хань Синь ба бусад зугтагсад, үймээн дэгдээгчдийг дэмжсээр байлаа.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

 

Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж.

Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ ойлгон, судлахад ихээхэн тус болох юм.

Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.