Уншиж байна ...

Италийн ерөнхийлөгч дотоод хэрэгт нь хутгалдахгүй байхыг тэрбумтан Илон Маскаас хүсэв

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 49 минут
iKon.MN
Зураг зураг
Итали улсын ерөнхийлөгч Сержио Маттарелла

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск саяхан Италийн засгийн газрын цагаачлалын эсрэг үйл ажиллагаанд хориг тавьсан шүүгчдийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн засгийн газар тус улсад орогнол хүссэн цагаачдыг өөрийн нутаг дэвсгэрт биш, Албани улсад байрлуулж, шалгах арга хэмжээ авч эхлээд байгаа.

Харин Ром хотын дээд шүүх үүнийг хууль бус үйлдэл гэж дүгнэснээр Мелонигийн төлөвлөгөөнд саад тулгарсан юм.

Шүүхийн шийдвэрийн улмаас Албанид аваачсан цөөн тооны цагаачдыг Италид авчрах ёстой болоод байгаа.

Ерөнхий сайд Мелонигийн найз гэгддэг тэрбумтан Маск “Ийм шийдвэр гаргасан шүүгчдийг хөөвөл таарна” гэж Мягмар гарагт сошиал хуудсандаа бичсэн юм.

Маскийн бичсэн зүйл Лхагва гарагт Италийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзэлсэн байна.

зураг
 
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, тэрбумтан Илон Маск нар

Тэгвэл Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла бас уг маргаанд оролцжээ.

“Итали бол аугаа ардчилсан орон бөгөөд өөрийгөө хэрхэн засаглахыг мэднэ. Хэн ч бай, ялангуяа найрсаг холбоотон улсын засгийн газрын чухал албан тушаалд томилогдох нь тодорхой болсон хүн манай улсын бие даасан, бүрэн эрхт байдалд хүндэтгэлтэй хандах ёстой бөгөөд ямар нэг үүрэг даалгавар өгөх нь зохимжгүй юм” гэж Италийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Трампын байгуулж буй АНУ-ын шинэ засаг захиргаанд Илон Маск албан тушаал хаших болсныг тэр ийнхүү дурдсан бололтой.

Маттареллагийн мэдэгдэлд Маск шууд хариулаагүй ч “Италийн ард түмэн ардчилсан нийгэмд амьдардаг уу, эсвэл бүх нийтээс сонгогдоогүй автократын шийдвэрээр амьдардаг уу” хэмээн Х хуудсандаа бичсэн байна.

Энэ маргаанд Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони одоогоор оролцоогүй байгаа бол шадар сайд Маттео Салвини “ Маскийн зөв” гэж сошиал хуудсандаа хариу бичсэн юм.

Итали улс нь Европын орнуудад цагаачлах хүмүүсийн гол үүд хаалга болдог. Энэ урсгалыг сааруулах зорилгоор Мелони цагаачлах хүсэлтэй гадаадын иргэдийн хүсэлтийг хянах, шийдвэрлэх үйл явцыг эх орондоо биш, Адриатын тэнгисийн нөгөө эрэгт оршдог Албани улсын нутаг дэвсгэрт явуулах арга хэмжээ авч эхлээд байгаа.

Энэ зорилгоор Итали улс Албанийн нутагт цагаачдыг байрлуулах байр байгуулж, тэднийг хянах цагдахад гарах урсгал зардлыг төлдөг болсон юм.

Ерөнхийлөгч нь Итали улсад бэлгэдэл ёслолын чанартай албан тушаал байдаг. Улс орныг удирдах ажлыг ерөнхий сайд голлон хариуцдаг юм.

 

Эх сурвалж: Reuters