Уншиж байна ...
Зураг
Зураг

Хуурамч улсын дугаартай машинаар замын хөдөлгөөнд оролцсон 496 жолоочийн эрхийг хасаж, нийт 24.8 сая төгрөгөөр торгожээ

Б.Манлай
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд үргэлжилж байна.

Энэ хүрээнд Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3,659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1,318 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрчээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулахад “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тухайн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог.

Энэ хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10,000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100,000 төгрөгөөр торгоно.

Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25,000, аж ахуйн нэгж байгууллагыг 250,000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан байна.

Эдгээрээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгодог” гэв.

Тээврийн Цагдаагийн Албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1,318 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2,530,000, 219 жолоочийг нийт 2,190,000 төгрөг, 496 жолоочийг нийт 24,800,000, 350 жолоочийг нийт долоон сая төгрөгөөр торгожээ.

Хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.

Иймд, иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхааруулав.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс