Уншиж байна ...
Зураг
Зураг

"Нүхэн жорлонгоос гадна хотхонуудын бохир хүртэл аюултай байдалд орсон учир савлаад зарж байгаа усанд ч нөлөөлж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туул голд хийсэн шинжилгээний хариу болон ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг Усны газраас өнөөдөр танилцууллаа. 

Савласан 19 усанд шинжилгээ хийхэд гурав нь усан дээр ямар нэгэн стандартаас зөрсөн зөрүү гараагүй харин 16 усанд стандартын маш бага зөрүү гарсан байна.

Иймд стандартын зөрүү гарсан компани болгон руу бичиг явуулж анхааруулна. Дараагийн удаа улирал тутам ундны усны стандартын дагуу шинжилгээ хийж энэ ус ийм стандартын зөрүүтэй байна гэдгийг компани болгоноор нь зарлана гэдгийг Усны газраас мэдэгдлээ. 

Түүнчлэн 5, 6 усны савлагаан дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандартыг биш 2007 оны хүчингүй болсон стандартыг тавьчихсан байгаа нь стандартад хэрхэн яаж хандаж байгаа нь харагдаж байна. Мөн Монгол Улсад савласан ус үйлдвэрлэж байгаа бараг бүх компаниуд карантны ус авч ашиглаад шүүж боловсруулалт хийж ашиглаж байгаа. Усанд байх эрдэс бодисын хэмжээг хэт багасгаж шүүсэн уснууд хүртэл байна гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр онцлов.  

"Улаанбаатар хотын хүн амын тал нь нүхэн жорлонд бие засаж байхад гоё хот гэж хэлэх үндэс байхгүй"

Үргэлжлүүлэн тэрбээр "Ирэх долоо хоногт Дэлхийн жорлонгийн өдөр болно. Улаанбаатар хотын хүн амын тал нь паалантай жорлонд, тал нь нүхэн жорлонд бие засаж байхад Улаанбаатар гоё хот гэж хэлэх үндэс байхгүй. 

Зайсангийн бохироо зайлуулдаг танк нь эвдэрсэн, хальж цуурсан байдлаас нь болоод хүний өтгөнөөс гарч ирдэг дөрвөн төрлийн гэдэсний савханцар нянгаар хордсон байхад усны чанарыг ярихаас өөр аргагүй болж байна.

Зайсан, Бага тэнгэр, Арцат, Нүхт гэх мэт Улаанбаатар хотыг тойруулаад шинээр баригдсан хорооллууд бүгд бохироо цуглуулдаг, түүнийгээ зөөдөг. Гэтэл тэр бохироо цуглуулдаг танкууд нь 10-аад жилийн өмнө барьсан ихэвчлэн пласмассаар хийсэн танкууд байдаг. Хэчнээн сайн Пласмассан материал байсан ч гэсэн баталгаа нь 10 жил байдаг. Тэр 10 жил нь аль хэдийн өнгөрчихсөн байна. 

Жишээ нь Зайсанд бохирын шугам нь бөглөрөөд байна гээд үзтэл дээгүүр нь бохирын шугам тавьснаас болоод пласмассан бохирын шугамууд нь аль эрт дарагдчихсан байсан. Бохир нь аль хэзээний хөрс рүү орж байна гэсэн үг. 

Төв цэвэрлэх байгууламжийн хэт их бохироос болсон Туул голын бохирдол, 681,000 нүхэн жорлон гэсэн асуудлууд дээр төвлөрсөн шугамд холбогдолгүйгээр бохироо зөөврөөр хийж байгаа тансаг зэрэглэлийн хотхонууд хүртэл аюултай байдалд орсон. Түүнээс болж ундны ус болон савлаад зарж байгаа усанд хүртэл стандартад нийцэхгүй байгаа асуудал гарч байна. Өндөр байшин барьж байгаагаа хөгжил дэвшил гэж ойлгоод түүнийхээ цэвэр бохирыг танкт хураагаад зөөврөөр шийдэж байгаа нь 21-р зууны хувьд шийдэл биш. Энэ бол 20-р зууны эхэн үеийн шийдэл. 

Үүнийг шийдэл гэж ярьж байгаа байшингуудын асуудлыг зогсоохгүй бол бидний үр хүүхэд эмнэлгээс салахгүй нь ээ" гэв.