Уншиж байна ...

PUBGM: "4Merical Vibes" болон "Stalwart Esports" багийн ДАШТ-ий лигийн шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 04 минут
iKon.MN
Зураг зураг
PUBG MOBILE South Asia Esports

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (PMGC 2024)-ий лигийн шатанд шалгарсан 48 багийн тоглолтууд аравдугаар сарын 31-нээс энэ сарын 24-н хүртэл Малайз улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийт гурван сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас "4Merical Vibes", "Falcons Force", "IHC Esports", "Stalwart Esports" гэсэн багууд оролцож байна. 

Тэгвэл өнөөдөр "4Merical Vibes", "Stalwart Esports" багуудын лигийн шатны тоглолтууд 18:00 цагийн үед эхлэх хуваарьтай байна. Манай улсын тус хоёр баг лигийн шатны "Ногоон" хэсэгт орсон бөгөөд дөрвөн өдрийн турш нийт 24 тоглолт хийнэ.

Хэрэв тэд "Ногоон" хэсгийн хүснэгтийн эхний гурван байрт бичигдэж чадвал дэлхийн аваргын сүүлийн шат буюу "Grand Finals"-д тоглох эрхтэй болно. 4-11 дүгээр байрт бичигдвэл "Survival Stage"-ээс тэмцээнийг үргэлжлүүлнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд лигийн шатны "Улаан" хэсгийн тоглолт болж, манай улсын "Falcons Force" болон "IHC Esports" баг тоглолтоо хийсэн. 24 тоглолтын дараах байдлаар "Falcons Force" баг 168 оноотойгоор тавдугаар байр эзэлж, PMGC 2024 тэмцээний "Survival Stage"-рүү унасан юм. 

Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга "IHC Esports" баг 106 оноотойгоор 12 дугаарт байрт бичигдсэнээр энэ удаагийн PMGC 2024 тэмцээнийг өндөрлүүлсэн.

Энэ тоглоомын дэлхийн аварга нь "Group Stage", "Survival Stage", "Last Chance", "Grand Finals" гэсэн дөрвөн шаттай явагддаг. Эхний гурван шатнаас шалгарсан 16 баг арванхоёрдугаар сарын 6-8-нд Лондон хотод "Grand Finals"-ийн 18 тоглолтыг хийснээр дэлхийн аварга баг тодрох юм.

"Group Stage" шатны 48 баг гурван хэсэгт хуваагдан тоглоно. Гурван хэсгийн эхний гурван байрт шалгарсан багууд дэлхийн аваргын сүүлийн шатанд тоглох эрх авна. Харин гурван хэсгийн 4-11 дүгээр байрт бичигдсэн 24 баг "Survival Stage" шатанд тоглож, 16 нь "Last Chance" шат руу дэвшинэ. 

"Last Chance" шатны эхний зургаан байрт шалгарсан багууд ирэх сард Лондон хотыг зорих эрхтэй болно.