Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Пүрэвдорж: Мардай уурхай дээр бага оврын атомын цахилгаан станц барих асуудлыг ОХУ-тай эрчимтэй ярьж байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу Францын Орано майнинг компанитай байгуулах ураны төслийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ)-ийг тус төслөөс хэрхэн авах, атомын цахилгаан станцтай болох асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнөөдрийн орж ирж буй асуудлыг би жадлан эсэргүүцээгүй. Цөмийн эрчим хүчний тухай хуулийн юуг өөрчлөх гээд байгааг би хэлье. 5.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

5.3.Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэж заасныг өөрчилж өсөн нэмэгдэх АМНАТ-өөр орлуулахаар болж байна. 

34 хувийг АМНАТ-тэй харьцуулбал хэдэн хувь гэж ажлын хэсэг тооцоолол хийж байгаа вэ? Миний тооцооллоор 51 хувийг Монгол орон авна гэж байгаа бол 37.7 хувийн АМНАТ-тэй тэнцүү хэмжээний үнэлэгдэх үнэ цэн шүү. Үүнийг бид 0-9 хувь болгох гэж байна. Иймэрхүү Монголын эрх ашгийг унгасан, муутгасан хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг болиоч. 

2015 онд би УИХ-ын гишүүн байсан. Энэ үеэр Цөмийн энергийн комиссын оруулж ирж байсан баримт надад байна. Тэр үед Францууд 34 хувийг Монголын тал аваад 9.5 хувийн АМНАТ өгөхөд бэлэн гэж байсныг яагаад муутгах гэж байна вэ. 

Эдийн засгийн үр ашиг муу байна. Бид Цөмийн энергийн тухай хуулийнхаа нэрийг өөрчлөх гэж байгаа гэсэн үг. Та нар цацрагт идэвхт ашигт малтмал олборлодог орон болно гэсэн үг. Бид цөмийн энерги бий болгодог орон болохоор зорьж байгаа. 

Шар нунтаг гаргахын тулд 34 хувиа Францын компанид өгснөөр ямар ч хяналтгүй болно. Бид 34 хувьгүй болчихвол шар нунтгаа дараа нь яаж худалдаж авах вэ. Жилд 750 тонн аюултай хог хаягдлыг газар ээжийнхээ хэвлий рүү асгах гэж байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг энэхүү оруулж ирсэн хууль бүрэн хангаж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь, давуу эрхийн 10 хувийн хувьцаа, уранаас зургаан хувийн АМНАТ тооцно. Иймэрхүү байдлаар тооцвол 51 хувийг давж байгаа гэдгийг хэлье. Мөн энэ компани бүх төрлийн татвар, хураамж төлнө. 

Ажлын хэсгийн даргын хувьд Атомын цахилгаан станцтай болохыг хоёр гараа өргөөд дэмждэг. Тиймээс ОХУ-тай Мардай уурхай дээр бага оврын атомын цахилгаан станц барих асуудлыг эрчимтэй ярьж байгаа. 

Орано майнинг компанитай бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу цаашдаа тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж атомын цахилгаан станц барих асуудлыг шийдэх ёстой.

Гэхдээ энэ амархан бүтэх зүйл биш. Бид өнөөдөр эхэлбэл 2035-2040 онд атомын цахилгаантай болох асуудал шийдэгдэнэ. Шар нунтгийг экспортолсноор олон улсад бидний нэр хүнд маань илүү өндөр түвшинд очно.