Уншиж байна ...

Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан гамшгийн үед малчид, хүүхдүүдэд үйлчлэх сургалтаар чадавхаа нэмэгдүүллээ

ikon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсад 2022-2023 онд тохиолдсон зудын гамшгийн үед малчин өрхийн амьжиргааг хамгаалах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зорилготойгоор “MONDER I” төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол ОУБ хэрэгжүүлсэн.

Тус төслийн хүрээнд малчин өрхүүдэд яаралтай тусламжийг хүргэхээс гадна “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ-тай хамтран “Зудын үеийн жендерт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ”-г хийсэн. Зудад өртсөн 382 малчид энэхүү үнэлгээнд оролцсон бөгөөд үнэлгээгээр зудын үед гэр бүлийн гишүүдийн дунд хүчирхийлэл гарах эрсдэл гурав дахин нэмэгддэг бөгөөд малчид жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт багатайгаас улбаалж хүчирхийллийг нуун дарагдуулах, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах боломж хязгаарлагддаг гэсэн үр дүн гарчээ.   

Дээрх үр дүнд үндэслэн хүүхэд хамгааллын хамтарсан баг болон малчдад гамшгийн үеийн жендерт суурилсан хүчирхийллийн тухай мэдлэг, ойлголт өгөх сургалтын хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “MONDER II” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран боловсруулсан байна.

зураг
 

Тус сургалтын хөтөлбөрөөр Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Увс, Ховд аймгийн 33 сумдын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн нийт 190-ээд гишүүдэд чадавхжуулах сургалтыг энэ сарын эхээр зохион байгуулсан юм.

“Гамшгийн үеийн жендерт суурилсан хүчирхийлэл” сургалтад оролцогчид гамшиг болон жендерт суурилсан хүчирхийллийн тоо баримтад суурилсан мэдээллээр хангагдаж, гамшгийн үеийн жендерт суурилсан хүчирхийлэлтэй ажиллах, илрүүлэх, хариу арга хэмжээ үзүүлэхэд чадваржсан. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан Кейс менежментийн талаар цогц ойлголттой болсон байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн зудын давтамж ойртож буй энэ үед хөдөө орон нутгийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд энэхүү сургалт нь чухал ач холбогдолтой байсныг сургалтад оролцогчид онцолж байлаа.