ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЯПОН: Богино хугацааны, олон удаагийн визийн хугацааг сунгах боломжтой

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яам нь "Богино хугацааны олон удаагийн виз"-ийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү визтэй холбоотой олон асуултыг иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд Япон улсын Элчин сайдын яаманд тавьж байгаа аж. Иймд үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээллийг асуулт, хариулт хэлбэрээр хүргэж байна.


-Богино хугацааны олон удаагийн визийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Хариулт: 2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аяллын болон ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор зорчих иргэдэд дараах нөхцлийг хангасан тохиолдолд богино хугацааны олон удаагийн визийг  мэдүүлэх боломжтой юм.

  • Үндэсний энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэн байх,
  • Өнгөрсөн гурван жилийн хугацаанд богино хугацааны ангиллын визээр Япон улсад зорчиж байсан, Япон улсын хилээр нэвтрэх болон зорчих хугацаандаа тус улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй бөгөөд зорчих зардлаа хариуцах санхүүгийн боломжтой байх,
  • Япон улсад зорчиж байгаагүй ч тодорхой орлоготой, санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй.

 

-Богино хугацааны олон удаагийн визээр нэг удаа хэдэн хоног зорчих боломжтой вэ. Мөн визийн хүчинтэй хугацаа?

Хариулт:  Визийн хугацааг дор дурдая.

Зорчих хугацаа: Нэг удаа зорчихдоо 15 хоног /15-аас дээш хоногоор зорчих тохиолдолд олон удаагийн визийн нөхцөлд хамаарахгүй/

Хүчинтэй хугацаа: 1 болон 3 жил

 

-Энэ удаагийн виз мэдүүлэх журмын өөрчлөлт нь энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэний хувьд ямар нэгэн ашигтай тал бий юу?

Хариулт: Өнөөг хүртэл тус ЭСЯ-наас "Олон удаагийн виз" олгодог байсан боловч Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанитай тогтмол холбоотой монголын томоохон аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, эрдэмтэн зэрэг төрийн өндөр албан тушаалтан, урлагийн алдартай зэргээр хязгаарлагддаг байсан. Харин энэ удаагийн хөнгөлөлт нь шаардлага хангахуйц тодорхой орлоготой, санхүүгийн чадамжтай энгийн паспорт эзэмшигч аялах,  ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор "Олон удаагийн виз" мэдүүлэх боломжтой болсноороо давуу талтай юм.  

 

-Дипломат, Албан паспорт эзэмшигч Япон улсад зорчиход виз мэдүүлэх шаардлагатай юу?

Хариулт: Энэ удаагийн “Богино хугацааны олон удаагийн виз” мэдүүлэх журмын өөрчлөлт нь Дипломат болон албан паспорт эзэмшигчдэд хамаарахгүй. Дипломат, Албан паспорт эзэмшигч нь ямар ч тохиолдолд урьдын адил виз мэдүүлэх шаардлагатай. Харин Дипломат паспорт эзэмшигчийн тухайд визээс чөлөөлөх Монголын талын хүсэлтийг Япон улсын Засгийн газар судалж байгаа бөгөөд ойрын үед  хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна.

 

-Виз мэдүүлэхэд анхаарах зүйл, мөн бүрдүүлэх материалын талаарыг хэлж өгөө.

Хариулт: Виз мэдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

Тус ЭСЯ-ны цахим хуудас (Виз хуудас: http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan_index.htm) –тай сайтар танилцаж шаардлагатай бүх материалыг бүрдүүлэх нь зүйтэй. Бүрдүүлсэн бичиг баримтад ямар нэгэн асуудал байх аваас хянан шалгах явцад визийн хариу шийдэгдэхгүй хойшилж болох тул зорчих өдөр болон виз олгох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ.

Хүссэн хүн бүр "Богино хугацааны олон удаагийн виз" мэдүүлэх эрхтэй хэдий ч тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг удаагийн виз олгох эс бөгөөс татгалзах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй.

 

-Япон улсын Хууль зүйн яамнаас олгодог “Оршин суух зөвшөөрөл”-г авах нөхцөлийг хөнгөвчилсөн үү?

Хариулт: Япон улсын Хууль зүйн яамны харъяа Хилийн шалган нэвтрүүлэх алба нь “Оршин суух зөвшөөрөл” олгох, мөн Япон улсад урт хугацаагаар оршин суух гадаадын иргэний асуудлыг хариуцдаг. Тус ЭСЯ нь хамгийн сүүлийн үеийн байдлаар Япон улсад урт хугацаагаар оршин суух статусын зарим ангилалд өөрчлөлт орсон тухай мэдээлэл авсан. Оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх үйл явцын талаарх тодорхой мэдээллийг  Япон улсын Хууль зүйн яамны харъяа Хилийн шалган нэвтрүүлэх албанд хандаж авах нь зүйтэй.

 

-Эмнэлгийн яаралтай тусламж авахаар Япон улсад зорчих шаардлагатай тохиолдолд  визийг шуурхай олгох тогтолцоо бий юу?

Хариулт: Япон улсад зорчих гэж буй Монгол Улсын тухайн иргэн эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь ноцтой аюул учирсан эсвэл Японд оршин сууж буй Монгол Улсын иргэн осол, гэмт хэрэгт холбогдсоны улмаас эмнэлэгт хэвтсэн эсвэл  нас барсан тохиолдолд түүний ар гэрийнхэн яаралтай Япон улсад зорчих шаардлага гарсан гэх мэт  хүндэтгэх шалтгааны улмаас яаралтай виз мэдүүлэх тохиолдолд тус ЭСЯ бодит байдал, материалыг шалгасны үндсэн дээр визийн хариуг олгодог. Энэ тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албатай шууд холбогдох нь зүйтэй.

 

-Визийн хариуг хэд хоногийн дараа олгож байгаа вэ?

Хариулт: Визийн хариуг виз мэдүүлсэн өдрийг тооцон ажлын дөрвөн хоногт хянан шийдвэрлэнэ. Жишээлбэл, Даваа гарагт мэдүүлсэн бол тухайн долоо хоногийн Пүрэв гарагт, Лхагва гарагт мэдүүлсэн бол дараагийн долоо хоногийн Даваа гарагт паспортыг буцаан олгох хуваарьтай. Бүрдүүлж өгсөн бичиг баримт нь ямар нэгэн асуудалтай байх бол хариу хугацаандаа шийдэгдэхгүй хойшлох магадлатай. Иймд зорчих өдөр, виз олгогдох хугацаа зэргийг сайтар тооцоолох нь зүйтэй.

 

-"Богино хугацааны олон удаагийн виз"-ээр Япон улсад зорчих үедээ хугацаа хэтрүүлэн үлдэх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт: Энэ тохиолдолд Япон улсын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж арга хэмжээ авах эсвэл Япон улсаас албадан гаргана. Аль ч тохиолдолд зарчмын хувьд Япон улс руу дахин зорчих боломжгүй.

 

-Япон улсад өмнө нь урт хугацаагаар визийн хугацаа хэтрүүлж байсан хүн дахин виз мэдүүлэх боломж бий юу?

Хариулт: Өмнө нь Япон улсад визийн хугацаа хэтрүүлж байсан хүн виз мэдүүлж болох боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр виз олгохгүй. Энэ нь зөвхөн хүмүүнлэгийн тодорхой шалтгаанаар хязгаарлагдана.

 

-“Ажил эрхлэх виз”-ээр Япон улсад оршин сууж буй хүн оршин суух хугацаагаа хэрхэн сунгуулах вэ?

Хариулт: Япон улсад оршин сууж буй гадаад иргэдийг Япон улсын Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх алба хянан хариуцдаг. Оршин суух хугацаагаа сунгуулах, сунгуулахад шаардлагатай материал зэрэг тодорхой мэдээллийг тус албанаас лавлаж асуух нь зүйтэй.

 

-2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн визийн хөнгөлөлт цаашид тогтмол хэрэгжих үү. Тодорхой хугацаа заасан уу?

Хариулт: Богино хугацааны олон удаагийн визийн хөнгөлөлт наймсарын 10-ны өдрөөс  хэрэгжиж эхлээд байна. Энэхүү визийн хөнгөлөлт хэрэгжих хугацааны хувьд, тодорхой хугацаа тогтоогоогүй ба хууль бусаар оршин суух Монгол иргэдийн тоо нэмэгдэх, нийтийн амар амгалан байдалд сөрөг үр дагавар гарах тохиолдолд олон удаагийн виз олгох хөнгөлөттэй арга хэмжээг зогсоох магадлалтай. 

 

-Богино хугацааны олон удаагийн визийн хураамж хэд вэ?

Хариулт: Богино хугацааны олон удаагийн визийн хураамж 102,000 төгрөг бөгөөд визийн хураамжийг жил бүрийн 4 сард шинэчлэн тогтоодог тул, виз мэдүүлэхдээ тус ЭСЯ-ны цахим хуудсыг үзнэ үү.

 

-Одоогийн байдлаар богино хугацааны олон удаагийн визээр нэг удаа 15 хоног хүртэлх хугацаатай хэдий ч цаашид энэ хугацааг уртасгах боломж бий юу?

Хариулт: Энэ удаагийн богино хугацааны олон удаагийн визийн хөнгөлөлт нь нэг удаа 15 хоног хүртэл зорчихоор тусгасан бөгөөд Япон улсад хууль бусаар оршин суугч монгол иргэдийн тоо, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшний өсөлт зэргээс хамааран цаашид нэг удаа зорчих хугацааг үе шаттайгаар 30, 90 хоног болгож сунгаж болно.

 

-Цаашид Монгол Улсын иргэдэд визийн ямар хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх эсэх, мөн төлөвлөж буй эсэх?

Хариулт: Цаашид Дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөхөөр төлөвлөж байна. Одоогийн байдлаар энэ асуудлыг Япон улсын Засгийн газар идэвхтэй судалж байгаа бөгөөд ойрын үед хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газар Албан болон Энгийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай хүсэлт тавьж буй хэдий ч Японд хууль бусаар оршин сууж буй монгол иргэдийн тооноос харахад үүнийг хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй байна.

Хууль эрх зүйг хүндэтгэн сахих нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд хожмын үр дагаврыг тооцолгүй хууль бус үйлдэл гаргадаг зарим нэг хүмүүсээс үүдэн гардаг асуудлууд нааштайгаар шийдэгдэн, хууль бусаар оршин суугчдын тоо буурснаар нэг өдрийн өмнө ч атугай визийн хөнгөлөлттэй нөхцлүүд хэрэгжиж эхлээсэй гэж хүсч байна.

  

Мэдээллийн эх сурвалж: Япон улсын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг