Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гарагт улс орон даяар нэгэн зэрэг явагдсан билээ.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан нь урьд өмнөх сонгуулиас онцлогтой байв. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон.
Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж, энэ удаагийн сонгуулийг зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад орондоо байгаа сонгогчдынхоо саналыг авсан. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулсан юм.
Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67,28 хувь нь оролцож саналаа өгчээ.
Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан бөгөөд сонгуульд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.
Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулсан юм.
Сонгуулийн дүнгээр Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний Зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргаар Зандаахүүгийн Энхболд сонгогдон ажиллаж байна.
Энэ удаагийн парламентын бас нэг онцлог нь Улсын Их Хуралд гурван намын бүлэг байгуулагдаж, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон намын төлөөлөлтэй байгаа явдал юм. Улсын Их Хурлын дэд даргаар Р.Гончигдорж, М.Энхболд, Л.Цог нар сонгогдон ажиллаж байна. Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатар, Монгол Ардын Намын бүлгийн даргаар С.Бямбацогт, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар Н.Батцэрэг нар ажилладаг.
Улсын Их Хурал 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх; өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах чиг үүрэгтэй Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулсан.
Энэ удаагийн Монгол Улсын Их Хурал парламентын залгамж чанарыг уламжлан хадгалахын сацуу ардчилсан нийгмийн хөгжлийн чиг хандлага, суурь зарчмын дагуу хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх зохион байгуулалт, арга хэлбэрийг боловсронгуй, үр өгөөжтэй болгох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд 8 Байнгын хороо, хариуцсан асуудлынхаа хүрээнд хяналтын чиг үүрэгтэй 10 дэд хороотой ажиллаж байна.
Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагааныхаа хүрээнд улс орныхоо хөгжлийг улам түргэсгэж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нийгмийн амьдралын бүх шатанд эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа хуулийн байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож хүний эрх, эрх чөлөөг улам баталгаажуулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн улс төрийн шинэтгэлийн хүрээнд Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай болон улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд нь их бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс орноо хөгжүүлэх, монгол хүн бүр үнэ цэнэтэй, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдэж байна. Энэ үндсэн дээр зөвхөн Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд л гэхэд бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенц, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталсан байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!