ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Түвдэндорж: МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.

Энэ долоо хоногийн хурлаар АН-ын бүлэг МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцсэн. Тус бүлгээс Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дэмжиж МАН-ыг Засгаас гаргах шийдвэр гаргасан байна.

Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Газрын тосны тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Мөн Эрүүгийн хуулийг наадмаас хойш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөлд тусгасан заалтуудыг Намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 
Мэдээлэл хийснийхээ дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрийг гишүүд хэдэн хувиар хүлээж авсан бэ?

-Ардчилсан намын бүлэг ГЗ-ийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Өнөөдөр ирц 27 гишүүнтэй байсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт ГЗ-ээс өгсөн зургаадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт  үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан

-Наадмаас наана МАН-ын зургаан сайдыг гаргах уу?

-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой ярьсангүй. 

-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг вэ. Танайх гаргая гэхээр МАН гарчих уу?

-АН өнөөдөр олонхыг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН-д санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт  энэ нь хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш. 

-Ерөнхий сайдыг эзгүйд яагаад ийм шийдвэр гаргав?

-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. Ардчилсан намын дүрмийн дагуу ГЗ асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан. 

-Ерөнхий сайд бүлгийн хуралд суухдаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бол?

-Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцсон. Өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй. 

-С.Одонтуяа: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хамтарч ажилласан.  Гэвч МАН-ынхан хийх ажилдаа биш халаа, сэлгээнд ач холбогдол өгсөн. Бүх яам, газрууд доод шатаа хүртэл халж байна гэсэн гомдол ирсэн. Тийм учраас манай гишүүд энэ халаа сэлгээ цаашид үргэлжлэх юм бол тогтворгүй байдал үүснэ гэж ярьсан. 2008-2012 онд хамтарсан засаг барьж байхад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гуай нэг ч хүн халаагүй. Бид энэ байдлаар жишээлж байсан. Гэвч их хэмжээний халаа сэлгээ буюу 600 гаруй хүн халсан байна. 

-МАН энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл яах вэ?

-Ардын нам мэдээж хуралдаж холбогдох байгууллагаараа ярих байх. АН, МАН-тай хамтарч ажиллах ажиллагаагаа эрчимжүүлье, баярын өмнө шийдэх асуудлуудаа шийдье гээд МАН-д хандсан. Дөрөв дэх өдөр хариу өгсөн. Уг хариунд бүх зүйл заалтаараа АН-ыг буруутгасан байгаа. Тэгэхээр бидний  энэ асуудал зайлшгүй асуудал болжээ. Шалтгаан нь харилцан бие, биенээ буруутгахаас өөр асуудал эдэнд үлдээгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Мөн МАН-ын мэдэгдэлд ажлын хэсгийн ахлагч нар АН-аас байна гэсэн асуудлыг тавьсан байна лээ. АН бол олонхыг бүрдүүлж байгаа нам гэдгийг анхаарах ёстой. АН хамтарч ажиллах санал болгосон үүнийгээ татаж авах эрх нь байгаа. Ажлын хэсэгт намуудаас харьцаагаараа орсон байгаа. Хамтын хүчээр асуудлыг шийдэх гэж оролдсон. 

-Засгийн газарт тогтворгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа хөөх байсан юм бол яах гэж урьсан юм бэ?

-АН тооцож үзсэн. Өнгөрсөн хугацаанд Ардын нам УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулах ажиллагааг нийт асуудлын 60 хувьд тавьсан. Үүнээс болоод ажил явахгүй байсан учраас бид засгийн газартаа Ардын намыг хамтарч ажиллах санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудалд гацаа тээг болсоор байгаа учраас ийм шийдвэрт хүрч байна. Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх. 

-Зургаан сайдыг чөлөөлснөөр төрийн албаны халаа сэлгээ зогсоно гэж үзэж байгаа юу?

Ш.Түвдэндорж: МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч ажиллаад үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин өөрсдийнхөө гишүүдийг ажил төрөлтэй болгох асуудлыг хийлээ. 

Тэгэхээр Засгийн газар дээр хамтрах бизнес байхгүй юм байна. Энэ зургаан сайдын асуудал цаашдаа яригдах байх. УИХ-ын бизнес явдгаараа явна. Үндсэн хууль, намуудын хууль, сонгуулийн хууль хүлээгдэж байгаа. 

-Таван толгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч сольж магадгүй гэсэн мессеж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар бүлэг хэлэлцсэн үү?

-Б.Гарамгайбаатар: -Баярын өмнө том том хуулиудыг баталж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Таван толгойн төслийг Намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн барих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.  

Ш.Түвдэндорж: -МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ засаг цаашдаа үйл ажиллагаагаа хэвээрээ явуулна. 

-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн байнгын хороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?

-Б.Гарамгайбаатар: -Үлдэж байгаа намуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар нам болон бүлгийн даргад чиглэл өгсөн. Үүний дагуу явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.

-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН-ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл явж байна?

-Б.Гарамгайбаатар: -Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс янз бүрийн бонд гаргасан. Энэ бондуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхэлж байна. Харамсалтай нь хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм. 

-2012-2016 онд тавьсан энэ их гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?

-Бондыг үр ашигтай зүйлд зарцуулагдсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудал яригдана. Мэдээжийн хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана өр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна. 

-Та бүхэн МАН-ыг засгаас гаргах шалтгааныг биднийг муулсан, халаа сэлгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Ер нь яг ямар хуулийн төслүүдийг хэлэлцэхэд МАН дэмжихгүй байгаа юм бэ?

-МАН хэлэлцэх ёстой асуудалд саад болоогүй гэж байгаа боловч зөвхөн өөрсдийнхөө өргөн барьсан хуулийн төслүүдийг явуулахын төлөө ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа МАН, АН-ын гишүүд олон бий. Асуудлыг шийдээд явах бүрэн боломж байсан боловч намын эрх ашгийн үүднээс гацаж байна.

Тухайлбал Сонгуулийн тухай хууль. Хамтран ажиллах гэрээн дээр үүнийг тодорхой заасан боловч эргээд ороод ирэхдээ өөр болсон. Энэ нь наад захын жишээ. МАН өөрсдийн бага хурал, бүлгээрээ хэлэлцээд тайлбар өгөх байх. Түүний дараа баримттай зүйлүүд гарч ирэх байх.