iKon.mn сайт ХБНГУ-ын Дортмундын их сургуульд эдийн засгийн ухааны магистр, Германд төгсөгчдийн МАЙНД клубийн гишүүн А.Баярцэцэгээс өөрийн санал болгох 10 номоо уншигчдад танилцуулахыг хүссэн юм.
Тэрбээр "Жинхэнэ эрх чөлөө гэдэг оюуны эрх чөлөөг хэлнэ хэмээн соён гэгээрлийн томоохон философич Кант хэлсэнтэй яах аргагүй санал нэг.
Тэгвэл оюуны эрх чөлөө гэж юу вэ? Хамгийн энгийнээр хэлэхэд мухар сүсэгт дарлуулахгүй байх, амьтанлаг зөн, атаа жөтөө, уур хилэн, айдас түгшүүрийнхээ эрхшээлд орохгүй байх, нийгмээс ирж байгаа төрөл бүрийн тархи угаалтад автахгүй байх. Үүний тулд нэн тэргүүнд хүн өөрийгөө танин мэдэж энэ бүгдээс өөрийгөө чөлөөлөх хэрэг гарна. Үүнд танд сайн ном л тусална.
Оюуны эрх чөлөөнд дурлагч шинэ үеийн хүн танд санал болгох эхний 10 номын жагсаалтыг товч тайлбартайгаар хүргэж байгааг хүлээн авна уу" хэмээгээд өөрийн санал болгох 10 номныхоо талаар ийнхүү дурдлаа.
Өөрөө өөрийнхөө хувь заяаг бүтээн босгох бодит боломж хэр байдаг вэ? Энэ л асуултын эрэлд гарагсад амжилттай хүмүүсийн намтрыг уншиж тэдний амжилтад хүрсэн нууцыг нээх гэж оролдоцгооно.
Харин амжилтад хүрэхэд бидний үлгэр жишээ авдаг хүмүүсийн өөрийн хүчин зүтгэлээс гадна төрж өссөн гэр бүл, орчны нөлөө хэр байсан бол гэдэг асуултыг энэхүү ном шинжилж үзжээ.
Тэр бүү хэл төрсөн цаг үе, жил төдийгүй төрсөн сар хүртэл хэрхэн нөлөөлж болохыг социологич хүний үүднээс шинжлэх ухааны аргаар гаргаж ирж, тайлбарласан онц сонирхолтой ном.
Өөрийнхөө намтрыг яг л археологийн судалгаа хийж байгаа мэт малтлага хийж ээдрээ зангилааг тайлж, боломж эрсдлүүдээ ойлгож авснаар хувь заяаныхаа архитектор болох эхний алхмыг хийхэд энэ ном танд туслах болно.
250 гаруй хэлрүү хөрвүүлэгдсэн гэдгээрээ хамгийн олон хэлрүү хөрвүүлэгдсэн номын жагсаалтад гуравдугаарт бичигддэг, бэсрэг тууж эсвэл үлгэр ч гэмээр нимгэхэн ном.
Ангиллын хувьд хүүхдийн ном ч гэдэг. Гэтэл ийм энгийн үгсээр ингэж гүнзгий философидож болж байгааг уншаад үнэхээр гайхширч билээ.
Хүний дотоод ертөнц, утга учир, хайр хүндлэл, тэр бүү хэл нийгмийн шүүмжийг хүртэл багтаасан үнэхээр дахин дахин эргүүлж тойруулж уншмаар “маш их мөлжүүртэй, бас зажлууртай” ном. Өөрийнхөө дотоод ертөнцийг, бас хүмүүсийг ойлгох чиглэлд хийх таны дараагийн алхам болох ном.
Өөрийгөө танин мэдэх философийн аялалд таныг хөтлөх ном. “Би юуг танин мэдэж чадах вэ?” хэмээх танин мэдэхүйн философи, “Би яах ёстой вэ?” хэмээх морал этикийн философи, “Би юунд найдах вэ?” хэмээх метафизикийн философиор таныг тун ч сонирхолтой, бас наргиантайгаар хөтлөн Ниче, Кант гээд том том бодлуудыг бодож бичиж үлдээсэн философичидтой уулзуулж, сэтгэл зүй, тархи судлал, генийн инженерчлэл гээд шинжлэх ухааны гол гол ололтууд, нээлтүүдээр бататган тайлбарлаж, эсвэл няцаан эргэлзүүлсээр Матрикс киногоор аялал өндөрлөхөд та “Би хэн бэ?” хэмээх асуултдаа хэр дөхөж очихоо хараарай.
Германд төгсөгчдийн “Майнд”клубээс философич С.Молор-Эрдэнийн зөвлөгөө дэмжлэгтэйгээр 2013 онд орчуулан гаргасан, тухайн оны Грандбүүк болсон бүтээл.
Уг номоор “Шуурхай” телевизийн 20 цуврал тайлбар, “Гэр бүлийн радио”-гийн “Бодох цаг” нэвтрүүлгээр бүтэн жил шууд нэвтрүүлэг явуулж нилээд дэлгэрэнгүй ярилцсан тул уншигчдад өгөөжтэй байсан хэмээн найдна.
Бразилийн зохиолчийн энэхүү ном зохиолчийн амьд ахуй цагт хамгийн олон хэлэнд орчуулагдсан гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн.
Анх дүү маань зуны амралтаараа ирэхдээ ноолорсон хавтастай нимгэхэн ном авчирсныг дахин дахин уншиж, эргэн эргэн бодсоор байж билээ. Хүүхэд насны ихэнхи мөрөөдөл насанд хүрэх үед ихэнхи нь биелдэг, зарим нь ч инээдэмтэй хөөрхөн хүүхдийн санаа байдаг.
Ханхүү шиг залуутай суугаад хөөрхөн хүү охин хоёртой болох мөрөөдөл маань биелсэн. Харин мөхөөлдөсний худалдагч болох мөрөөдөл маань сургуульд ороход л замхарч билээ.
Гэхдээ хамгийн том мөрөөдлөө дагах зүрх зориг тэр бүр хүнд хүрдэггүй. Эсвэл том болох тусам сэтгэлийн даль жигүүрийн маань өд сөд нэг хоёроор тасарч унасаар байгаад хөрсөн дээрээ үлдэх нь олонтаа. Тэгвэл энэхүү ном жигүүрээ дэлгэх л юм бол нисэх боломж байгаа гэх урам зоригийг өгөх болно.
Хувь заяагаа хэрхэн бүтээх вэ? Өдөр тутам алхам бүрт зөндөө бэрхшээл, бүтэлгүйтэл, эндээсээ мултрах боломж үгүй мэт санагдах үе зөндөө.
Тэгвэл 14 жил шоронд хоригдсон нь Эдмон Дантесийн хувьд бараг л аз байсан гэмээр. Фариа ламтанаас асар их мэдлэгийг сурч, үлгэрийн мэт эд баялгийг өвлөн авдаг.
14 жилийн хугацаанд математик, физик гээд байгалийн ухаан төдийгүй, түүх, нийгэм, философи сурч өв тэгш өндөр боловсролтой болж Парисийн дээдсийн хүрээнийхнийг нууцлаг язгууртан хэмээн гайшруулдаг.
Атаа жөтөө, өшөө хорсол, улс төр, хуйвалдаан, гэмт хэрэг гээд хүний хорвоогийн эрээн бараан бүхнийг мөнгөөр шийдэж чадаад байгаа мэт боловч эцэстээ хайр сэтгэлд бууж өгнө. Эцсийн эцэст хайр л хүний утга үгүй оршихуйн цорын ганц хариулт хэмээн ном төгсөнө.
Хайр шиг чухал ном. Дөрөвдүгээр сарын 3-нд уншигчдын гар дээр очсон цагаасаа Интерномын Бестселлерийн жагсаалтын №1. Хүний нийгэм өрсөлд, хувийн шунал дээр биш, хайр хүндлэл , морал тогтох тухай философич, социологич, психоаналитикч Эрих Фроммын хамгийн гайхамшигтай бүтээлийн нэг.
Хүмүүс эд хөрөнгө, амжилт, нэр төр, гоо үзэсгэлэнгийн төлөө хамаг бүхнээ дайчлан зүтгэх боловч эцсийн эцэст бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хайрлуулахын төлөө л энэ бүхнийг хийж буйгаа тэр бүр ухаардаггүй.
Нэгэнт мэргэжлийн ном тул ямар ч уянгын халил байхгүй, цэвэр логик тул уншихад тархиа бүрэн ачаалж төвлөрөхийг шаардана.
Хайр хайрын дотроос хамгийн төвөгтэй нь хосуудын хайр болов уу. Эрэгтэй зохиолч эмэгтэй хүний дотоод ертөнцийг нууц далд булан тохой, нугалам бүртэй нь ингэж нарийн гаргаж ирснийг хараад үнэхээр гайхаж билээ. Бразилиас Швейцарьт ирэн янхан болсон бүсгүйн намтраас сэдэвлэн бичсэн ном.
Би хувьдаа Ничед хувь хүнийх нь таагүй ханддаг ч гэлээ философичийнх нь хувьд яах ч аргагүй биширдэг. Нэн ялангуяа Заратустра хэмээх бүтээл нь өнөөгийн Монголын нийгэмд хамгийн хэрэгтэй нийгмийн өвчилсөн оюуныг эмчлэх антибиотик мэт бүтээл.
Маш чухал гүн гүнзгий агуулгатай тул цөөн үгээр бичих боломж даан ч үгүй. Ганц л жишээ хэлэхэд хүний оюуны гурван хувирлын тухай бичсэн нь тэмээ мэт нийгмийн тогтсон хэв загвар баригдан хүнд ачааг үүрч аваад арслангийн зориг гарган тэрхүү загвараа эвдэн, хүүхэд мэт оюуны хувьд дахин төрөх боломжтой тухай бичсэн байдаг.
Ийнхүү оюуны хувьд өөрөө өөрийгөө чөлөөлж, дахин төрж чадах нь яг л эрвээхий авгалдайндаа бүрэлдээд далавчаа дэлгэн нисэх мэт гэжээ.
Хүн өөрийгөө шинээр бүтээн босгодог юм байж. Тэгвэл тэрхүү “шинэ элитүүд” гарч ирж төрийн эрхийг авснаар нийгмийг шинэчлэх боломжтой юу?
Шинэ гэх хүмүүс гарч ирлээ ч гэсэн хуучин нийгмийн үнэт зүйлс, хэв шинжүүдийг шинээр байгуулсан улс төр, нийгмийн институц дотроо дахин үйлдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл нүүрээ угаагаад, хувцсаа л сольсноос биш толгой доторх алгоритм хэвээрээ тул шинээр байгуулах нийгмээ эргээд “вирустүүлнэ” гэсэн үг. Ленин гэрээслэлдээ яг энэ шалтгааны улмаас Сталиныг залгамжлагчаараа нэрлэхээс татгалзжээ. Иймээс нийгмийг өөрчлөхийн талд удирдагчдыг өөрчлөх нь огт хангалтгүй ажээ.
Эрих Фромм энэхүү номоо яагаад нийгмийг шинэчлэх амин сүнс хэмээн нэрлэснийг уншигч та өөрөө ухаж олно биз ээ.
Дан гадаад номнууд санал болгосон байна гэж Та бодож байгаа байх. Үнэхээр ч үргэлжилсэн үгийн зохиолоос илүү даацтайхан, зажлууртай ном унших дуртай. Энэхүү 10 номын жагсаалтаа сүүлийн үед Монгол хэл дээр бичигдсэн номуудаас онцгойлон “Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” хэмээх номоор өндөрлөж байгаа маань учиртай.
Өнөөгийн нийгмийн даацтайхан шүүмж уг бүтээл Монголчуудыг оюуны эрчимтэй хөгжил дэвшилд шавдуулан яаруулан уриалан дуудсан дуудлага болжээ.
Хуучнаа шүтэх биш, муулах биш, хүн төрөлхтний бүтээсэн бичсэн сайн сайхан, дэвшилтэт, шинэ зүйлсээр сэлбэж сайжруулж, орчин үетэй, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхахгүй бол музейн үзмэр болох аюултай гэжээ. Монголчууд бид хувийн санаагаа хангалттай ярьлаа, одоо цэгцтэй баталгаатай мэдлэг ярих цаг иржээ.
За ингээд номыг унших нэг хэрэг, уншсанаа ойлгох, ойлгосноо амьдралдаа хэрэгжүүлэх бүр ч илүү чухал шүү гэдгийг л сануулах үлдлээ. Оюуны эрх чөлөөг, жинхэнэ эрх чөлөөг хүсэн ерөөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!