Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч Б.Ганчимэгийн санал болгож буй 10 ном

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 13
iKon.MN
 

iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил болоод ном, бичгийн хүмүүс, амжилтад хүрсэн эрхмүүдийн уншсан номуудаас онцлох 10-г нь хүргэж байгаа билээ.

Энэ удаад сэтгүүлч, "Open door" сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганчимэгийн санал болгож буй 10 номыг танилцуулж байна. 

"Би сэтгүүлч хүн. Уншигчийн хувьд уран зохиолд түлхүү шимтэгч. Би өөрийнхөө хайртай 10 зохиолыг Ikon.mn –ийн хүсэлтээр нэрлэлээ"  Б.Ганчимэг


1. Л.Толстой Анна Каренина

Лев Николаевич бол бүхэлдээ гайхамшиг бөгөөд дэлхийн уран зохиолын суу билгүүдийн нэг. Би хувьдаа түүний зохиолуудаас “Анна Каренина”-г л оргил нь гэж үздэг. Зарим Толстой судлаачид түүнийг гэргий Софья Андреевнагаа үзэн ядаж, хорссон хорслоороо энэ агуу романыг бичсэн гэж дүгнэдэг.  Ертөнцийн судлаачид түг түмэн гажиг гаргалгаа хийж байдаг улс шүү дээ.

Надад бол Лев Николаевич шиг хачин жигтэй атлаа гайхалтай зохиолчийг ийм роман бичтэл нь шаналгасан нь үнэхээр Софъя Андреевна мөн бол энэ хорлонт хатагтайд ч мэхийх хүсэл төрдөг юм.  За, тэгээд ер нь бол “Анна Каренина”-г уншихаасаа өмнө хэчнээн их хог уншиж тархиа дүүргэснээ бодохоос миний бие арзас хийдэг шүү. Магадгүй би эмэгтэй хүн учраас “Дайн ба энх”-ийг биш “Анна Каренина”-г ингэтэл шүншиглэж байж болох юм. Үүнийг харин нэрэлхэхгүй хэлье.  

 

2. Монтэний эсээнүүд

Монтэнь бол дэлхийн уран зохиолын нэгэн том багана. Тодруулбал эсээ гэх увдист төрлийг үндэслэгч, ертөнцийн уран зохиолыг нэгэн гайхамшгаар баяжуулсан суу билэгтэн юм .

Ямар нэгэн том үг бодож олж сургамааргүй байна. Гэхдээ чин үнэндээ заавал уншаасай гэж тун их хүсч байна. Олон том гайхамшиг руу нэвтрэх хөтөч болдог хөшөө болохоор  Монтэнийг дагуулж илүү үг дайхаас эмээж байна.

 

3.Достоевский “Гэм зэм”

Феодор Михайлович Достоевскийн амьдралын түүх, үлдээж өвлүүлсэн бүтээлүүд тэр чигээрээ хүн төрөлхтнийг хуйлруулдаг хэвээрээ гэдэгт би итгэдэг. Анх би “Гэм зэм”-ийг уншаад өөрийн амьдралдаа Достоевский гэх асар хүнд дарамтыг оруулж ирж байлаа. Тэр дарамтдаа өдий хүртэл үргэлжлүүлэн автсаар л явна.

Хүн гэдэг тарчлаант амьтны далд руу шунгасан зовлонт мэдрэмжүүдээр дүүрэн түүний энэ романд би хайртай. Юу олж авснаа ярих бол харин илүүц биз ээ. Хэт уйтгартай ч юм уу, эсвэл урт яриа болох гээд байна л даа.

 

4. Гюстав Флоберийн  “Бовари хатагтай”  роман миний хайртай зохиолуудын нэг. Тэртээ 1856 онд бичигдсэн энэ роман дэлхийн хайр дурлалын сэдэвтэй шилдэг 10 романы нэгэнд одоо ч ордог. Эмма Бовари шиг бэлэн зэлэн дүнсгэр амьдралыг тэрсэн гүйж, тэгээд тамирдан унах тавилан эмэгтэй хүний хувьд хамгийн танил өвдөлт биш гэж үү.

Түүний зориг минийх ч юм шиг, түүний алхам, түүний тэмүүлэл биднийх ч юм шиг автуулж, басхүү хүчирхгээр уруу татдагаараа энэ роман гайхалтай шүү. За тэгээд тэр амт шимт, урлахуйн гайхамшиг нь сэтгэл зүйн эл содон романыг  аяны үүргэвчинд минь амьдруулсаар л байдаг. Хөгшин болсон хойноо би Боваригаа охиндоо үүргэвчтэйгээ өгнө өө, яадаг юм.

 

5. Юрий Нагибин "Цэнгэг цөөрөм". Юрий Нагибин бол миний хайртай зохиолч. Түүний гэнэн цайлган, гэрэл үсчүүлсэн цэнхэр туяат богино өгүүллэгүүдтэй учирч, хайрлаж дурлаж, автаж  явснаа мартдаггүй.

Богино өгүүллэг бол дэлхийн зохиолчдын ур чадвараа сорьдог том талбар. Авьяас, урлахуйгаа сорьдог онцгой төрөл. “Цэнгэг цөөрөм” гэж жижигхэн улаан хавтастай ном байдаг юм. Харамсалтай нь орчуулагч нь хэн байсныг би мартжээ. Энэ ном надтай олон жил хамт явсан. Харин би их сургууль төгсөхдөө хамгийн хайртай багшдаа бэлэглэчихсэн юм.

 

6. Милтон Фридманы “ Хувь заяагаа сонгох нь” хэмээх алдарт бүтээлийг би эрхэм залуу хүн танд санал болгож байна.

Милтон Фридман  энэхүү бүтээлээрээ дэлхий дахинаа асар том сэргэмжийг өгсөн юм. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн жамаараа яваа урсгалд төр засаг хийгээд улсын гэх бодлого хутгалдаж болохгүй гэдгийг тэр энэ бүтээлээрээ хонх мэт цангинаж  анхааруулсан юм. 

“Хувь заяагаа сонгох нь” бол гайхалтай либерал бүтээл. Асуулт гаргаж ирж тавьсан биш хариулт өгсөн бүтээл гэдэгт энэ бүтээлийн үнэ цэнэ оршино. Энэ бүтээлийг монгол хэлнээ Баабар гэргийн хамт хөрвүүлж олны хүртээл болгосон байгаа.  Уншаарай.

 

7.Конрад Зайц "Дэлхийн гүрэн эргэн ирж байна". Энэ номыг унших ёстой шүү. Бидний хөрш Хятад орон бараг л дэлхийн “дарга” орон болж байна. Бидний хувьд уншвал зохих бүтээл гэж би хувьдаа энэ бүтээлийг үздэг. Гол нь автор нь хятад биш герман хүн шүү. Энэ бол унших сайн шалтгаан яах аргагүй мөн.

Уншсаны дараа танд өмхий хужаа, хужаагийн эрлийзүүд гэх мэт хөөс сахруулсан солиорлоосоо жаахан сэрж, эргэн тойрноо ухаалаг харах бололцоог өгөхөөс гадна, асар өндөр төвшний нийлмэл мэдээлэл гаргалгаанууд, атаа төрөм аж амьдралын яг таг пирамидыг айлууд өрчихсөн гэдгийг санаа алдтал мэдрүүлдэг юм.

 
 

8. Харуки Мураками. Түүнийг уншсан биз ээ. Би  "Норвегийн ой" –г санал болгож байна. Мураками аль хэдийн дэлхий дахины хүн болсон. “Норвегийн ой”- роман хэвлэгдсэн даруйдаа зөвхөн Японд гэхэд дөрвөн сая хувь борлогдож байсан гээд бод доо. Зарим хүн юун сүртэй юм. Ердийн уянга байна шүү дээ гэхтэй ч би таарч л байсан. Гэхдээ таашаал шүү.

 

9. Одоо харин би танд “Би далай ламын Чойжин” гэдэг номыг санал болгож байна. Надад лав өнөө үе шиг шашны элдэв эмх замбараагүй гажилтуудаар дүүрсэн үед тэр хүний намтар, туулсан амьдрал сэтгэгдэл үлдээсэн. Үүндээ автаад тэр агуу гэгээнтэнтэй нүүр тулан уулзаж, ярьж хөөрөх завшааныг бас олж хүртсэн билээ. Төвдийн ард түмний зовлонт хувь тавилан, буддын шашны оршихуйн урт удаан замнал, амь зулбан тэмтэрсэн их нүүдэл нүдний өмнө үзэгдэх шиг болж сэтгэл шимширсэн шүү.

 

10.Эцэст нь би Роберт А. Рупен  “XX зууны монголчууд” номыг санал болгож байна. Энэ номын тухай илүү тайлбар хэрэггүй биз ээ. Эх орноо хайрлах хайр бол бид өөр зуураа хэчнээн хэмлэлдэж байвч энэ чээжний цаанаас зурж л байдаг мөнхийн зүйл гэдэгтэй хэн маань маргах билээ дээ. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.