Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

“1”, “5” тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнс хадгалахад хэрэглэж болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зориулалтын бус хуванцар савны хэрэглээний асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн "1", "5" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг МХЕГ-аас зөвлөлөө. 

Харин "3", "6", "7" тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээгүй, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, "2", "4" гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй гэв. 

Учир нь зориулалтын бус эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй ажээ. Мөн дээрх савнуудад савлагдаж зарагдаж буй сүү, цагаан идээ, айраг, ус авахгүй байхыг зөвлөсөн юм. 

Энэ савны хувьд "2" тэмдэглэгээтэй учир зориулалтын бус гэсэн үг. Хэрэглэгч та савны ёроолын гурвалжин дүрс доторх тоог сайн харах нь чухал.

ХУДАЛДАГДАЖ БАЙГАА САВНЫ 96 ХУВЬ НЬ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС БАЙДАГ 

Хүнсний зориулалтын бус хуванцар саванд ихэнхдээ химийн бодис хийж, хилээр оруулж ирдэг.  Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. 

Харин 2014, 2015 оны эхний таван сарын байдлаар 17,325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.
"Нарантуул", "Хархорин" захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн тандалт судалгаагаар тодорхой болсон байна. 

Гадуур худалдагдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна.

ШИНЖИЛГЭЭГЭЭР АММИАКЫН АГУУЛАМЖ 48 ДАХИН ИХ ГАРЧЭЭ

 

Мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн онд "Нарантуул" захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус долоон төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилжээ.

Шинжилгээний дүнд савнууд дахь аммиакын агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. 

Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.

ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ БАЙНА

 

Энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх тал дээр МХЕГ-ын ХҮҮХХ-ийн дарга Л.Гэрэлмаа өөрийн байр сууриа илэрхийллээ.

"Тандалт судалгааны дүнг эцсийн байдлаар гаргаж байгаад цаашид энэ тал дээр холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал байна.

Тухайлбал Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулин дээр химийн бодисын талаар байдгаас биш химийн бодис савласан савыг тухайн ААН устгах асуудал, устгаагүй худалдсан байвал яах вэ гэх мэт тулгамдаад буй зүйлс байдаггүй. 

Мөн энэ савнууд болохгүй юм бол болдог савнуудыг үйлдвэрлэх боломж манайд байна уу гэх мэт асуудал байна. Тэгэхээр бид энэ чиглэлээр холбогдох байгууллагуудад санал хүргүүлж ажиллана" гэв.