• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

open.parliament.mn
2015 оны 6 сарын 4
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбооттой үүсээд буй маргаантай асуудлуудыг ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн Б.Болор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг 64.2 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 70.4 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлах саналыг 67.3 хувийн саналаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг 67.3 хувийн саналаар тус тус дэмжив.

Үүний дараа “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах горимын санал гаргасныг хүлээн авсан байна.