ШӨХТГ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр доривтой олон ажил хийж байгаа. Үүний нэг нь томоохон хүнсний сүлжээ дэгүүрүүд болоод авто завсарын газруудад хийсэн шалгалт байв.
Энэ удаагийн шалгалтаар “Оргил”, “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь дээрх дэлгүүрүүдийн кассын үнэ лангууны үнээс хэдэн зуун төгрөгөөр илүү худалдагддаг байсан нь тогтоогджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Баясах-32” дэлгүүрийн лангуунаас 26 нэрийн барааг авч шалгахад 10 нь, “Замбала” дэлгүүрийн 23 нэрийн бараанаас ес нь үнийн зөрүүтэй байсан бөгөөд уг зөрчил дээрх супермаркетуудад бүгдэд нь илэрсэн байна.
Лангуун дээрээ 1200 төгрөгийн үнэтэй оймс кассанд 1800 төгрөгөөр бичигддэг байжээ.
Иймд дээрх дэлгүүрүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Мөн иргэдийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Немо” хүнсний дэлгүүрт шалгалт хийхэд хуурамч архи зарж байсан байна. 0.5 гр-ын шилтэй архийг 2000, 0.75 гр-тайг нь 3000 төгрөгөөр худалдан борлуулдаг байжээ.
Энэхүү хуурамч архийг “Мөнхжин” компани үйлдвэрлсэн болохыг тогтоосон бөгөөд нийт 1800 авдар архи хураан авч, холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэнэ.
Зарим орон сууцны лифтүүдийг зогсоолоо
Мөн ШӨХТГ-аас нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууц, аж ахуй нэгжийн 1232 лифтэнд шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн “Баянзүрх” хотхоны 107, 108 дугаар байр, “Грийн ресурс” компанийн 76 дугаар байр, “Кекүшүюзан”-ы К1, К2, К4, К5, К6 дугаар байрны лифтнүүд даацын тросс нь элэгдсэн, дамраасаа мултарч гарсан, тормос нь дутуу барьдаг гээд маш олон зөрчилтэй байсан тул түр зогсоожээ.
Хоёр Вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
Мөн Вьетнам авто засварын газруудыг шалгаж, завсарын үнийн тарифыг тодорхой болгох шаардлагыг хүргүүлсэн байна.
Шалгалтаар “ББ-Од”, “Ханой-Өргөө”, “Висом” компаниуд өмнө тавьсан шаарлага биелүүлээгүй байсан тул 1.7 сая төгрөгөөр торгожээ.
Мөн дээрх засварын газруудад ажиллаж байсан хоёр вьетнам иргэн бичиг баримтын зөрчилтэй байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шилжүүлсэн байна.
Цаашлаад ШӨХТГ-аас жолооны курсүүд болон брэнд бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аж, ахуй нэгжүүдэд шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!